Алт, Коксжих нүүрсний үнэ чангарсаар байна

Энэ оны уул уурхайн улирал эхлэхэд газрын тосноос бусад түүхий эдийн буюу нүүрс, үнэт металлын хүдэр, баяжмалын дэлхийн үнэ тогтмол, өсөлттэй угтсан. Тиймээс ч Засгийн газраас “Алт-2” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан энэхүү үнийн өсөлтийн мөчлөгт экспортоо нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх бодлого барьж эхлээд байгаа. Жишээ нь энэ оны эхний улиралд нүүрсний олборлолт экспортын хэмжээг нэмэгдүүлснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн дүнтэй гарчээ. Түүнчлэн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны олборлолтыг нэмэгдүүлснээр жилд 15-17 тонныг олборлож байгаа бол 2020 он гэхэд 25 тоннд хүргэнэ гэсэн тооцоо бий. Мөн энэ хүрээнд геологийн эрэл хайгуулын дагуу Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 150 тонноор нэмэгдүүлнэ гэсэн төсөл, төсөөллийг боловсруулан ажиллаж эхэлжээ.

Яг өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд 1941 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд энэ нь нийт газар нутгийн 6.9 хувийг хамарч байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 олгогдож Монгол орны нийт газар нутгийн 0.9 хувьд улирлын болон улирлын бус чанартай уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Сүүлийн гурван жилийн дүн мэдээг харвал хайгуулын тусгай зөвшөөрөл 2015 онд 706, 2016 онд 696, 2017 эхний хагаст наймыг олгоод байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 2015 онд 91, 2016 онд 91, 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 15-ыг тус тус олгосон дүн мэдээтэй байна. Хайгуулын явц, шинэ орд нээн илрүүлэлтийн тухайд дүн мэдээ нь хараахан зарлагдаагүй байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Баянхонгор аймагт томоохонд тооцогдох “Алтан нар” ордыг илрүүлснээс өөр мэдээлэл цацагдаагүй. Тэгвэл Монголын дотоодын томоохон компанийн хайгуулаар урт нь тодорхойгүй ч, Өвөрхангай аймгийн Онгийн голоос Арвайхээр сум хүртэл 20 орчим километрийн өргөнтэй дээрхээс дутахааргүй зэс, молибденийн томоохон орд илрүүлсэн ч нууцалж байгааг өгүүлэх хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол унасаар өчигдөр “хамгийн доод цэгтээ хүрлээ” гэдгийг олон улсын эдийн засагч, шинжээчид онцолж эхлээд байна. Өнгөрсөн сард 55 орчим ам.долларын үнэтэй байсан газрын тос тавдугаар сар гарсан даруйд буюу Нью-Йоркийн өчигдрийн үнийн мэдээгээр баррель нь 48,7 ам.долларт хүрч буурсан нь шинжээчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ нь долоон төрлийн татварын хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмж байгаа манай улс шиг орнуудад таатай мэдээ юм. Харин газрын тосыг ихээр экспортлогч, үйлдвэрлэгч орнуудын хувьд “үнийн харанхуй цонх” болон тэмдэглэгдэнэ. Мөн зэсийн үнэ өчигдөр Нью-Йоркт нэг хувиар буурсан мэдээ цацагдаад байгаа. Энэ нь айх зүйл биш гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна. Учир нь зэсийн үнийн хэлбэлзэл буюу өсөлт, бууралт дэлхийн зах зээлд нэг хувьтай, тогтмол гэж ойлгож болохоор байгаа ажээ. Бүр тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр зэсийн үнэ тонн тутамдаа 5821 ам.доллартай тэнцэж байсан бол өчигдөр Ime.com сайтын мэдээгээр 5688 ам.доллар 50 центээр үнэлэгдэж байлаа.

Харин алт өнгөрсөн сарын сүүлээр грамм тутам нь 97396 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өчигдөр Монголбанкны гаргасан мэдээгээр 98495 төгрөгт хүрч 1.5 хувийн өсөлтийг зааж байна. Тоог бүхэл дүнгээр авч үзвэл нэг килограмм алт 98 сая 495 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа гэсэн үг. Мөнгөний хувьд бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа бөгөөд грамм нь 1389 төгрөгийн үнэтэй байсан бол тавдугаар сар гарсаар 1354 төгрөг болоод байна. Харин монголчууд 56 хувийн агуулгатай төмрийн хүдрээ тонн тутмыг нь 63.8, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалаа 78.5 ам.доллараар экспортолж байгаа.

Тэгвэл монголчуудын хамгийн ихээр олборлож, экспортолдог коксжих нүүрсний үнэ дэлхийн болоод Таван толгойн нүүрсийг гол худалдан авагч Хятадын зах зээлд ихэд тогтвортой байгааг судлаач, шинжээчид дуу нэгтэй өгүүлцгээж байна. Энэ сард коксжих нүүрсний үнэ өсдөггүй юм аа гэхэд буурахгүй гэдгийг батлан хэлцгээж байгаа. Тэр дундаа далайн тээврээр Хятадад нийлүүлэгдэж байгаа Австралийн коксжих нүүрсний үнэ хэт өндөр, байнга өссөөр байгаа гэсэн шүүмжлэл их байгаа ч бууралт огт ажиглагдахгүй байна. Үнийн өсөлтийн үзэгдэл дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд манай улс шиг экспортлогч орнуудад тун таатай нөхцөлийг дагуулж эхлээд байгаа. Дэлхийн нүүрсний салбарын гол мэдээллийг түгээдэг en.sxcoal.com сайтын мэдээлснээр өчигдөр коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар байв. Тиймдээ ч БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Шанси мужийнхаа коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж импортын нүүрсний үнийн дарлалаас ангижрах гарц хайж эхэлсэн мэдээлэл ч дуулдаж эхлээд байна. Харин уул уурхайн бусад бүтээгдэхүүн болох цайр 2781, хар тугалга 2276, цагаан тугалга 19819, хөнгөн цагаан 1901, молибдени 15000 ам.долларын үнэтэй байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин, Л.Мөнхтөр, https://dnn.mn/