Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-ын хамтарсан “Хойт, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 2019 оны 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хурлыг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал үг хэлэв. Тэрээр 2002 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн 17 дахь удаагийн хурал манай оронд Үндэсний Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог гэдгийг дурдаад  төслийн цаашдын үйл ажиллагаатай холбогдуулан төсөлд оролцогчдын хүрээг тэлэх санал санаачлагыг Монголын тал дэмжиж байгааг онцлоод 5 улсын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Их Алтай” дэд төслийн дагуу Монгол Алтайн хэсэгт манай орны геологичидтой хамтран ажиллах саналыг  хүргээд,  “Хойт, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн  17 удаагийн хурлаар хэлэлцэгдэх илтгэлүүд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал санаачлага нь Олон Улсын геологийн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахыг ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Эрдэм шинжилгээний хуралд төсөлийг хэрэгжүүлэгч орнуудаас нийтдээ 50 орчим судлаачид оролцож байгаа бөгөөд  ОХУ-ын судлаачдыг  ВСЕГЕИ-ийн ерөнхий захирал Шинжлэх ухааны доктор Олег Петров, БНХАУ-ын судлаачдыг  БНХАУ-ын ШУА-ийн академич Ли Тинг Донг,БНКазУ-ын судлаачдыг  БНКазУ-ын Хүнд үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Геологи,газрын хэвлий ашиглалтын хорооны дэд дарга бөгөөд Газрын хэвлийн ашиглалт, газрын хэвлийн геологийн судалгааны газрын тэргүүн Тналиев Мирболат, БНСУ–ын судлаачдыг Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн (KIGAM)-ийн Геологийн газрын Геологийн судалгааны төвийн судлаач доктор Паул Хонг нар тус тус ахалж ирсэн  байна.


Энэхүү төслийн эхний шат 2002-2010 онд хэрэгжсэн бөгөөд  Орос, Казакстан,Монгол, Хятад, Солонгос улсын судлаачид  хамтран 18 сая км.кв талбайн хэмжээнд геологи,тектоник, ашигт малтмал, эрчим хүчний түүхий эдийн зургуудыг зохиож  “Төв Ази ба түүний зэргэлдээх нутгуудын 1:2500000 –ын маштабын геологийн зургуудын атлас”-ыг гаргаж, дагалдах мэдээллийн санг бүрдүүлсэн байна.
Төслийн хоёр дах шат буюу 2010-2013 онд Монголын болон Орос, Какакстан, Хятад 4 улсын хилийг дамнасан Алтайн болон Монгол Агнуурын атираат мужуудын хэмжээнд Монголын хэсгийг хамарсан нутаг дэвсгэрт 1:1000000 маштабтай геологи, тектоник, металлогений нэгдсэн зургуудыг зохиож тайланг  манай орны Геологийн мэдээллийн төв архивт тушаагаад байгаа билээ.
Тухайн төслийн гурав дахь үе шат буюу  2014-2018 онуудад хэрэгжсэн  төсөлд  Монголын  талын оролцогсод Монголын нийт нутаг дэвсгэрийг хамарсан аккреци-коллизийн тектоник ба түүнтэй холбоотой металлогений нэгдсэн зургуудыг зохиож эдгээр судалгааны үр дүнг нэгтгэсэн тайланг бичиж, манай орны геомэдээллийн санг баяжуулсан.                 
Энэ удаагийн хурлаар  Ази тивийн болон бүс нутгуудын геологийн судалгаанд тухайн төсөлд оролцогч орнуудын судлаачдаас оруулж буй хувь нэмрийг харуулсан сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэнэ .