ЭНЭТХЭГ- МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БАЙГАЛИЙН ХИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г 2019 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнд БНЭУ-ын Тата групп, Афконс Лимитед, ISGEC Индастри, Инженерс Индиа Лимитед зэрэг тэргүүлэх техник, технологи бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй томоохон төрийн болон хувийн хэвшлийн компаниуд оролцож буй юм.
Монгол Улсын Засгийн Газраас БНЭУ-ын Засгийн газрын 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дотоодын газрын тосыг боловсруулж дотооддоо түлш шатахуунаар хангах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тавьсан билээ. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Дэд бүтцийн бүтээг байгуулалтанд 17,5 км хүнд даацын авто зам, 27 км салбар төмөр зам, 19 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын хамт, үйлдвэрийн талбайн тэгшилгээ болон үйлдвэрийн хашаа гэх зэрэг ажлууд орж байна.
Энэ төслийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Энэтхэг- Монголын газрын тос байгалийн хийн үзэсгэлэнг БНЭУ-ын элчин сайдын яамнаас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК –тай хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү төсөл нь хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх, санаачлагатай хамтран ажиллаж байгаа Энэтхэг Улсын Засгийн газар, ЭКСИМ Банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье” гэв.
Мөн Засгийн газраас тус үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхээр 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн НТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан Энэтхэгийн компанитай гэрээ байгуулах ажил одоогоор хийгдэж байна. Энэхүү гэрээг байгуулснаар төслийн дараагийн үе шатны ажлууд болох үйлдвэрийн зураг төсөл, барилга угсралтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буй юм
Тус үйлдвэр нь газрын тос боловсруулах процессын үндсэн байгууламжуудаас гадна үйлдвэрийн цахилгаан станц ,газрын тос болон ус дамжуулах хоолой,түүхий тос,завсрын болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах резервуар сав,бохир ус цэвэршүүлэх байгууламж, ачих буулгах байгууламж гэх мэт гадна олон төрлийн дагалдах байгууламжуудаас бүрдэнэ.