Б.Баатарцогт: Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ өсөх учир бид өөрсдийн үйлдвэртэй болох нь маш зөв
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа.
-Ярилцлагаа Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны нөөцийн талаарх мэдээллээр эхлэх үү?
-За тэгье. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүнд 9000 орчим илрэл, 60 гаруй төрлийн ашигт малтмалын 2400 орчим орд тогтоогдож ашигт малтмалын нөөцийн санд бүртгэгдээд байна. Эдгээр бүртгэгдсэн нөөцүүдээс голлох ашигт малтмалын төрлөөр цухас дурьдвал алтны шороон ба үндсэн ордын нийлбэр дүнгээр 493 тонн, зэс 30.6 сая тонн, молибден 397.5 мянган тонн, төмрийн хүдэр 1.5 тэрбум тонн, уран 180 мянган тонн, газрын ховор элемент 3.5 сая тонн, нүүрс 36.4 тэрбум.тонн зэрэг байна.
Газрын тосны батлагдсан буюу ашиглалтын нөөцийг авч үзэх юм бол 2010-2012 оны хооронд Тосон уул-19-р талбай дээр хоёр удаа, Тамсаг-21 талбай дээр нэг удаа, БХГ-1997 талбай дээр нэг удаа хүлээж авсан нөөцийн хэмжээгээр баталгаат нөөц 332,7 сая тонн үүнээс ашиглалтын баталгаат нөөц байгалийн горимоор 36,26 сая тонн байна.
Зөвхөн өнөөдрийн байдлаар ЭБМЗ-ийн хурлаар орж батлагдан Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэгдсэн байгаа зарим ашигт малтмалын нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тодорхой байр суурийг эзэлж байна. Жишээ нь чулуун, хүрэн болон коксжих нүүрсний нөөцийн нийлбэр дүнгээр эхний X байрт, ураны нөөцийн хэмжээгээр XI байрт жагсаж байна.
-Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар нэлээн тууштай ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь өнөөдөр бидэнд зайлшгүй тулгамдаад байгаа зүйл мөн үү. Эдийн засгийн ач холбогдлын талаар та хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр Монгол Улс нь жилдээ 1.1-1.2 сая гаран тонн газрын тос олборлож, экспортлодог. Энэхүү хэмжээ нь олборлолтын төлөвлөгөөгөөр 2018 гэхэд 1.5-1.6 сая болж тогтворжихоор байна. Энэ нь боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий тосоор найдвартай хангах боломжтой болсон гэсэн үг юм. Дотооддоо олборлож байгаа түүхий тосоо өөрсдөө худалдаж аваад, түүгээрээ шатахуунаа үйлдвэрлэснээр эдийн засагт томоохон томоохон үр өгөөжийг өгнө. Гадагшаа урсах валютын урсгалыг багасгаж, валютын ханшийг бууруулах, ажлын байр шинээр бий болох, хуванцар болон резинэн эдлэлийн гэх мэт дагалдах жижиг дунд үйлдвэр хөгжих боломжийг бүрдүүлэх гэх мэт. Өнөөдөр уул уурхайн салбарын томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнээр түлш шатахууны хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэх хэрэгцээ байгаагаас гадна, улс орноо хямд түлш шатахуунаар найдвартай хангах асуудлыг бас төлөвлөх хэрэгтэй. Мөн дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ цаашид өсөх хандлага байгааг Дэлхийн банк болон газрын тосны нэр хүнд бүхий судалгааны байгууллагуудын судалгаагаар гарч байна. Тэгэхээр импортын шатахууны үнэ мөн адил цаашид өсөх бөгөөд энэ нь томоохон төслүүдийн хэрэгжилтэд нөлөөлөх, улмаар улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй.
-Энэ мэт том төсөл хэрэгжүүлэхэд ТЭЗҮ маш чухал. Төслийн ТЭЗҮ хэзээ бэлэн болох бол. Ер нь бэлтгэл ажил ямар хэмжээнд явж байгаа вэ?
-Таньтай санал нэг байна. Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ажлын хэсэг, Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байгаа. Нарийвчилсан ТЭЗҮ энэ оны 9-10 дугаар сар гэхэд бэлэн болохоор төлөвлөгөөтэй.
-Сайншандад үйлдвэр байгуулах нь газар зүйн хувьд хэр зөв шийдэл вэ. Зарим хүн Дархан-Уул аймагт боломж бий гэх юм?
-Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөс 2014 оны III сард 06/14 тоот “Стратегийн ач холбогдол бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдэд түшиглэн байгуулах” гэсэн Зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор өмнөх Засгийн газраас урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж, улмаар дотоодын түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрийн байршил, дэд бүтцийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Тус урьдчилсан судалгаагаар Дорноговь аймгийн Сайншандад барих нь тохиромжтой гэдгийг тодорхойлсон.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаад ажиллаж эхлэхэд манай орон боловсон хүчний хувьд дутагдалтай байх нь мэдээж. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар таны бодол?
-Манай улс жил бүр ОХУ болон БНХАУ-дад газрын тосны чиглэлээр оюутнуудыг бэлтгэж байгаа бөгөөд ШУТИС ч бас бэлтгэж байгаа. Харин үйлдвэрт ажиллах мэргэшсэн ажиллагсадыг бэлтгэх, сургаж, дадлагажуулах ажлыг одооноос эхлэн хийх гүйцэтгэх шаардлагатай байгаа. Энэ ажлын хүрээнд мэргэжил сургалтын төвүүдээр мэргэшсэн ажилчдыг бэлтгэх хөтөлбөр, сургалтын програмуудыг одооноос эхлэн хөтөлбөрт тусгаж, холбогдох мэргэжлийн байгуулагуудтай зөвшилцөж ажиллахаар төлөвлөж байна.
-Олон жил ярьсан боловсруулах үйлдвэрийн асуудал одоо ч бүрэн шийдэгдээгүй байна. Улс төрийн асуудал байх шиг байна. Одоогийн засгийн газар төслийг хэрэгжүүлээд аваад явах чадамж байгаа гэж харж байна уу?
-Олон төрлийн шалтгаанууд байсан байхаа. Мэдээж газрын тос боловсруулах үйлдвэр нь улс орны аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн биеэ даасан байдалд нөлөө үзүүлдэг салбар юм. Ийм ч утгаараа олон талын хүчин зүйлүүдийг тооцон үздэг байх. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс дотоодын түүхий тосыг түшиглэн үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан байх гэж боддог. Одоогийн Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд түүхий тосны олборлолт маань үйлдвэр явуулах хэмжээнд очсон, тус төслийг Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тогтоол шийдвэрүүд гарсан.
-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.
Н.БАЯР
Эх сурвалж: http://mongolcom.mn/read/47612