Латин Америкийн Колумб, Эквадор улсын уул уурхайн сайн туршлагатай танилцлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хойш хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтыг худалдаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд 2018 оны тавдугаар дугаар сарын 19-30-нд Латин Америкийн Колумб, Эквадор улсуудад туршлага судлах аяллыг холбогдох албаныхан хийгээд ирлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан туршлага судлах багийнхан Бүгд Найрамдах Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч Три Карго компанийн төлөөллүүдтэй уулзсан юм. Тэд мөн Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Колумб Улс жилд ойролцоогоор 60 тн алт олборлодог, алтны чөлөөт худалдааны системтэй улс юм. Мөн колумбчууд дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь манай улсаас ихээхэн ялгаатай аж.

Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог юм байна. Эрх бүхий аж ахуйн нэгжүүд нь цахим бүртгэлийн системд нэгдсэн нь алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой ач холбогдолтой болжээ. Колумб улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд Карлос Канте манай төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлуудаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ололт амжилт, алдаа оноо ч бий. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их байгаа. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрөөс нэлээд ажил хийж байгаагийн нэг нь цахим бүртгэлийн систем юм. Энэ системийг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой" гэлээ. Тэд Колумбын 2021 онд гэхэд алтны гарал үүслийг ил тод болгох зорилт тавьжээ. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотой аж.

Колумб улсын туршлагатай танилцсаны дараа ажлын хэсгийнхэн Эквадор улсад ажилласан юм. Энэ улсын хувьд Төв банк нь алт худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлдгээрээ манайхтай төстэй. Гэхдээ нэг онцлог бий. Тэр нь 2002 оноос хойш орон нутагт алт худалдаж авах зөвшөөрлийг Төв банкнаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон явдал аж. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй хэмээн тус улсын салбарын төлөөлөл онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн яам, харьяа агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг байна. Ингэхдээ алтыг сорьцлох болон цэвэршүүлэхэд усан болон хуурай жингийн аргыг ашигладаг аж. Эквадорын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх гол үүрэгтэй ажилладаг. Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг гэсэн. Харин Техникийн их сургуулийн харьяа Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв нь орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж тэдний чадавхыг дээшлүүлэх, мэдлэг түгээх замаар уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дээшлүүлэх, бүрдүүлэхэд анхаарч ажилладаг юм байна.

Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан байна.