Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын эргэн тойронд
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягтай “Coal Mongolia-2011” чуулга
уулзалт болон нүүрсний салбарын талаар ярилцлаа.
-Манай улсын эдийн засагт нүүрсний салбар голлох байр суурь эзлэх боллоо. Цаашид нүүрсний үйлдвэрлэл эрс өсөх төлөв ажиглагдаж байна. Тэгвэл энэ чухал цаг үед зохион байгуулж буй “Coal Mongolia-2011” чуулга уулзалтаас та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бид нүүрсний салбарын талаар хэлэлцэх “Coal Mongolia-2011” чуулга уулзалтаас дорвитой үр дүн гараасай хэмээн бодож байгаа. Сүүлийн үед Монгол Улс уул уурхайн салбараар дэлхий нийтийн анхаарлын төвд хүчтэй түрэн орж ирлээ. Үүнийг дагаад Монголын үйлчилгээ, банк санхүү гээд бүхий л салбарт дэлхийн том том хөрөнгө оруулагчид орж ирэх гээд байна шүү дээ. Ийм үед төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтарч суугаад асуудлаа ярина гэдэг том давуу тал юм. Хоёр дахь зүйл нь үр дүнгийн асуудал. Яг ямар үр дүн гаргах юм, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн юуг хариуцаж хийх ёстой юм гэдгээ ярилцах нь хоёр талын хамтын ажиллагааны суурь юм. Тиймээс чуулга уулзалт Монголын уул уурхай, геологи, тэр дундаа нүүрсний салбарт дорвитой үр дүн өгөөсэй гэж хүсч байна.
-Ойрын жилүүдэд нүүрсний экспорт 40-50 сая тоннд хүрэх бололцоотой хэмээн ярьж байна. Таны харж буйгаар ийм боломж бий юу, үүнтэй уялдаж дэд бүтэц, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэг олон асуудал гарч ирнэ?
-Нүүрсний экспорт 2009 онд долоо орчим сая тонн байсан. Өнгөрсөн жил 18 сая тонн болж хоёр дахин нэмэгдсэн. Бид юуны өмнө нөөцөө тооцож үзэх ёстой. Одоо бол 160, 180 тэрбум тонн зэрэг янз бүрийн тоо яваад байна. Үүний дараа нөөцөө яаж ашиглах тухай бодох ёстой. Ингээд нүүрсний нөөцийн хэдэн хувийг экспортод гаргах юм гэсэн төрийн бодлого чухал байна шүү дээ. Дотоодын эрчим хүчний систем нүүрс, эсвэл уранаар явах юм уу. Нүүрсээр явах юм бол ямар хэрэглээ биднийг хүлээж байна. Энэ хэрэглээг хангах нүүрсийг хаана яаж авч үлдэх, аль хэсгийн нүүрсийг экспортод гаргах зэрэг асуудлыг төлөвлөх нь чухал байгаа. 40-50 сая тонн бол юу ч биш. Манайд нүүрсний асар их нөөц бий. Гол нь нүүрсний салбар дахь энэ хөрөнгө оруулалтын урсгалаас гадна төрийн бодлого, зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, дэд бүтцийн асуудал байна. Нүүрс бол асар их дэд бүтэц шаардсан бизнес. Хэрвээ зах зээл нь байгаад Монголын төр нүүрсний экспортыг 40-50 сая, цаашлаад 200 сая тоннд хүргэе хэмээн гаргах гэж байгаа бол дэд бүтцээ маш яаралтай шийдэж өгөх хэрэгтэй байгаа. Хил гааль, төмөр зам, лаборатори гээд бүхий л дэд бүтцийг бэлдэх ёстой. Дараагийн нэг чухал зүйл бол үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэх явдал. Нүүрсний чиглэлийн эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудыг яаралтай бэхжүүлж авахгүй бол салбарын өнөөгийн хөгжлийн хурдацаас төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, уялдаа холбоо хоцрох гээд байна. Түүнээс биш гаргаж байгаа, гаргах гэж байгаа нүүрсний хэмжээнд санаа зовохгүй байна. Дэд бүтэц шийдэгдээд ирэхээр хувийн хэвшил аяндаа экспортоо нэмэгдүүлээд явчихана. Нүүрсээс Монгол Улс аль болох ахиухан үр өгөөж хүртэх ёстой. Үүний тулд дэд бүтцээ бий болгох хэрэгтэй, бодлогоо боловсруулах шаардлагатай, хяналт шалгалтаа сайжруулах учиртай, стандартуудыг яаралтай батлах нь зүйтэй.
-Таны ярианаас энэ салбарт судалгаа, шинжилгээний ажил ихээхэн чухал болох нь анзаарагдлаа. Ашигт малтмалын газарт энэ чиглэлийн хэлтэс байгуулагдаад 3-4 жилийн нүүр үзэж байгаа шүү дээ?
-Манайд энэ чиглэлийн тусдаа хэлтэс байгуулагдсан. Нүүрсний гүн боловсруулалт болон бусад судалгааг хийгээд явж байна. Бидний зүгээс баримталж байгаа бодлого гэвэл, төр бодлогын бичиг баримтуудаа хурдан гаргаасай. Гарч ирсэн бодлогын бичиг баримтуудын хүрээнд бид ажлаа аль болох нээлттэй, хурдан, шуурхай, хувийн хэвшилд саад тээг багатайгаар урагшлуулах юмсан гэсэн бодолтой байна.
-Шинжлэх ухааны академи, ШУТИС зэрэгт хэсэг эрдэмтэн тус тусдаа нүүрсийг гүн боловсруулах технологи, үйлдвэрийн хөрөнгө оруулалт, үр ашигтай байдал, олон улсад нүүрсээ хэрхэн тээвэрлэх зэрэг асуудлаар дор бүрнээ судалгаа хийж байна. Гэвч тэдгээрийн санаа бодлыг нэгтгэсэн, судалгааны бүтээлийг нь амьдралд цаг алдалгүй нэвтрүүлэх бодлого дутагдаад байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Маш сайн бодлого байх ёстой. Монгол нүүрс хөтөлбөр явж байгаа. Үүн дотор нүүрсний салбарт зайлшгүй авч үзэх бүхий л асуудлыг багтаах ёстой. Таны хэлсэнчлэн шинжлэх ухааны байгууллага гээд бүхий л асуудлыг багтааж Монголын нүүрсний ирээдүйг 10, 20, 50 жилээр төлөвлөх учиртай. Бусад орон 10, 20 жилээр төлөвлөчихөөд ажлаа хийгээд байна шүү дээ. Гэтэл бидний өнөөдрийн байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа болов уу. Тэгэхээр төр энэ чиглэлийн зүйлүүдийг тусгасан бодлогоо боловсруулж, тэр нь улс төр болон ямарваа нэг зүйлээс хамааралгүй тогтвортой хөгжиж байгаасай гэж бодож байна. Нүүрс хөтөлбөрийг боловсруулахад уг салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүсийн санал санаачлага маш их хэрэгтэй. Тэдний санал бодлыг сайн тусгаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ бодлогыг гаргахад салбарын эрдэмтэн судлаачид оролцох учиртай. Ганцхан нүүрсний салбарынхан бус, эдийн засагчид байх ёстой. Тухайлбал, олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтнүүд судалгаа явуулж байж нүүрсээ аль орон руу, хэрхэн дамжуулан гаргах бололцоо байгааг хэлж өгч чадна. Энэ мэтээр маш өргөн хүрээний судалгааны багийн нэгтгэсэн дүнг л “Нүүрс” хөтөлбөрт тусгаж оруулах юм бол амьдралд хэрэгжинэ.
Дараагийн асуудал бол эрдэм шинжилгээний байгууллага юм. Монгол Улс зөвхөн нүүрс гэлтгүй бүхий л салбарт эрдэм шинжилгээний байгууллагыг бэхжүүлж хөгжүүлэхгүй бол бидний явуулж буй бодлого хэрэгжихэд хэцүү. Эрдэм шинжилгээний байгууллага нэг биш нэлээн хэд хэрэгтэй. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Яаж зохицуулах вэ гэвэл гаргаж ирсэн хүрээлэн, судалгааны байгууллагууд бүгд тус тусдаа хөгжөөд ирэхээр тэднийг нэгтгэсэн эрдмийн зөвлөл байгуулах юм. Олон газраас гаргаж ирсэн саналыг бодлогын бичиг баримтад тусгуулдаг байх ёстой. Гэтэл эцсийн дүндээ энэ маань хүнтэй холбоотой асуудал дээр их гацаж байна. Манай эрдэмтэд, төрийн бодлогод ажиллаж байгаа хүмүүс, жирийн ард иргэд ч тэр Монгол Улсын хөгжлийн төлөө өөртөө байгаа мэдлэг боловсрол, бүх зүйлээ зориулж байх ёстой. Ялангуяа нүүрсний салбарынхан үүнийхээ төлөө цуцалтгүй явах учиртай. Өөрсдөө судалгаа шинжилгээгээ хийхээс гадна үүн дээр төрийн хүчтэй дэмжлэг, зохион байгуулалт хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.
-Хөрөнгө оруулагчид юуг хүсч байна вэ?
-Хоёр, гурван зүйл анзаарагдаад байгаа юм. Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг маш их хүсдэг. Бодит байдал дээр татварын их бага, дотрох систем зэргээс илүү хууль эрхзүйн орчин хэр тогтвортой байх юм гэдэгт анхаарлаа хандуулдаг. Цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүй, татварын орчин, дэд бүтцийн асуудал хэр юм. Хоёрдугаарт зах зээлтэйгээ ойрхон юм уу гэдгийг анхаарч байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнес эрхлээд явахад Австралид хөрөнгө оруулснаас юугаараа давуу юм бэ гэх зэргээр өрсөлдөх чадварыг их харж байгаа юм. Манай улс энэ олон зүйлийг уялдуулсан байх ёстой. Манай дотоодын хөрөнгө оруулагчид сүүлийн үед хамгийн эрчимтэй хөгжиж байгаа нүүрсний салбарт түлхүү орж байна. “Энержи ресурс” Ухаа худаг дээр үндэсний компани ямар их бүтээн байгуулалт хийж, зохион байгуулалттай ажиллаж чаддагийг харуулаад эхэллээ шүү дээ. Гол нь төрөөс гаргаж байгаа бодлогын бичиг баримт дээр энэ салбарын компани, ялангуяа, үндэсний аж ахуй нэгжийн саналыг маш сайн тусгамаар байгаа юм. Уг нь саналыг нь сайн тусгах тусам тухайн хууль журам хэрэгжих нь хялбар байна.
-Зарим хүн гурав дахь зах зээл рүү нүүрс тээвэрлэх ашиггүй хэмээн үзэж байгаа. Үүнтэй уялдаад зөвхөн Хятадад түүхий эд бэлтгэгч улс болох нь гэсэн болгоомжлол байна. Ер нь энэ мэт асуудлын талаар цогц, нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй нь харагдаж байна?
-Гаргаж болно, болохгүйг ямар судалгаан дээр үндэслэж хэлээд байгаа юм. Эдийн засгийн геополитикийн байршлаа авч үзэх хэрэгтэй шүү дээ. Орос, Хятад хоёрыг дамжихгүйгээр нүүрсний салбар нэг ч алхам урагшлахгүй. Тиймээс энэ хоёр хөршийн сонирхолыг заавал тодорхой хэмжээгээр оруулсан байх ёстой. Үүнийг олон улсын харилцаа, геополитикийн судлаачид судалж төрийн бодлогод оруулах ёстой. Өнөөдөр бид зөвхөн өөрийн орны дэд бүтцийн асуудалд толгой гашилгах бус нүүрсийг тээвэрлэж төмөр замаас усан онгоц руу шилжүүлэн ачдаг бололцоо Хятад, эсвэл Орост илүү байна уу гэдгийг судлах ёстой. Тэгэхгүй гурав дахь ч зах зээлд гаргах ашиггүй, Хятад руу гаргах ашигтай. Эсвэл Хятадын хараат болчихон гэх мэт зүйлийг хэн ямар үндэслэлээр хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Ярьж байгаа зүйл маань шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан байх ёстой. Ер нь цаашид хамгийн аюултай зүйл бол хүний хөгжлийн асуудал хоцрогдох гээд байна. Толгойгоороо бизнес хийдэг болохоос машинаар нүүрс зөөх биш юм. Яагаад өнөөдөр Австрали биднээс айгаад байна. Бид Хятадад нүүрсээ хямд өгөөд эхэлбэл Австралийн нүүрсийг хятадууд авахгүй бол яах юм, Япон, Солонгос Монголын нүүрсийг авна гэвэл яах юм гээд айгаад байна. Эрдэс баялагийн нөөц маань биднийг ингэж өндөр түвшинд гаргаж ирээд байна шүү дээ. Бид үүнийгээ захиран зарцуулах бодлогоо гарган дэлхийн акулуудтай тулах гээд байна. Нүүрсний үнэ 200, эсвэл 110 ам.доллар байх юм уу гэдгийг монгол хүн л хийнэ шүү дээ. Гэтэл манайд нүүрсний бизнест мэргэшсэн худалдаачин хаана байна вэ. Хэн нэгэн улс төрч, бүлэг үүнийг хийнэ гэвэл онохоос алдах нь их. Тэгэхээр судлаачид, шинжлэх ухаан байгууллага, боловсон хүчнээ яаралтай бэлдэх хэрэгтэй байна.