Тус сургалт, хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институт, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Сургалт-мэдээллийн төв, Газрын тосны хайгуулын гэрээлэгч компаниудын төлөөлөл болон салбарын геологчид нийт 20 гаруй хүн оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлэгээр “Газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага” журмыг батлуулахтай холбогдуулан Канад болон олон улсад хэрэглэж буй нөөцийн ангилал, зэрэглэлийн зааварчилгаа /COGEH, PRMS/ болон журмын /NI 51-101, SEC/ талаар Канадын Sproule  зөвлөх компанийн мэргэжлийн инженер Жэйсон Роботтом дэлгэрэнгуй танилцуулан, өөрийн туршлага болон санал бодлоо хуваалцлаа. Цаашид Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөх журмыг сонгох, боловсруулах ажлыг төслийн хугацаанд хэрэгжүүлэх (2017-2022) ба 2017 онд хийх ажлын үе шатуудыг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгах тал дээр Мерит төсөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газар