Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төв байгуулах төслийн нээлтийн арга хэмжээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төв” байгуулах төслийн нээлтийн ажиллагаа 4 сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Нүүрсний туршилт судалгааны төвд болов.
Уг арга хэмжээнд Солонгосын талаас Монгол дахь БНСУ-ын элчин сайд Жон ил, Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дарга И дун гү, мөн уг төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацын тэргүүн Хуан мён ху, Монголын талаас УИХ-ын гишүүн Оюун, ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, АМГ-ын дарга Д.Батхуяг, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Түвшинжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монгол дахь БНСУ-ын элчин сайд Жон ил, УИХ-ын гишүүн Оюун нар үг хэлснээр нээлтийн ажиллагаа эхлэв. Үүний дараа Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төвийн нээлтийн хаягийг өлгөж, авто машин гардуулах бичигт АМГ-ын дарга Д.Батхуяг гарын үсэг зурав.
Монгол улсын нийт экспортын 80 орчим хувийг уул уурхай салбар эзэлдэг бөгөөд энэ нь улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж буй юм. Дэлхий дахинд өрнөж буй газрын доорх баялагийн өрсөлдөөнд Монгол улсын Засгийн газар ашигт малтмалыг зохистой олборлож, ашигласнаар улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах эрмэлзлэлтэй байгаа билээ. Сүүлийн үед уул уурхайн ашиглалтаас үүдэн үүсэж буй газрын гадаргын болон гүний усны бохирдол, мөн хөрсний бохирдол, ой мод устах, газрын эвдрэл зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд монголын Засгийн газрын зүгээс хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Солонгосын Засгийн газар энэхүү төслийн хүрээнд уул уурхайн бүс нутаг орчмын бохирдлын судалгааг хийж, хөрс болон усны дээжийг шинжлэхэд мэдээлийн сан бий болгон, уурхайгаас гарсан бохирдол бодисыг цэвэршүүлэх зэрэг нөхөн сэргээлтийг хийснээр уул уурхайн ашиглалтаас үүдсэн хор хохирлыг багасгаж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монгол орны хувьд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж буй өнөө үед уурхайг ашигласны дараах нөхөн сэргээлтэнд асар их хөрөнгө мөнгө шаардагдах бөгөөд ядаж л энэхүү өртгийг багасгахын тулд бохирдолтой тэмцэх ажлыг уул уурхайн ашиглалттай зэрэг хийгдэх ёстой гэдэг ойлголт бол тун чухал асуудал юм.
Энэхүү төслөөр монгол орны 21 аймгийн 303 уурхайд солонгос монголын шинжээчдээс бүрдсэн баг бохирдлын судалгаа хийх бөгөөд Судалгаа Мэдээллийн төв байгуулагдснаар байгаль орчны бохирдлыг судлахад технологийн хувьд чадваржих бөгөөд бодлогын хувьд ч үр дүнтэй бодлого боловсруулах боломж нээгдэх юм. Энэ судалгаагаар дамжуулж Монгол Солонгос хоёр улсын уул уурхай, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа өргөжих төдийгүй байгальд хоргүй байнгын олборлолт хийгдээд зогсохгүй эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь тавигдана гэж найдаж байна.