Д.Алтанхуяг: Орон нутагтай харилцах харилцааг сайжруулах шаардлага бий

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Геологи хайгуулын үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?

-Монгол Улсад хайгуул болон ашиглалтын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. Энэ нь ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Үүнээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь манай хэлтэс дээр 2000 гаруй байдаг юм. Үүнээс гадна улсын төсвийн, сайдын багцад багтсан суурь судалгааны ажил гэж бий. Энэ нь 2017 онд 9.3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Одоогоор Монгол орны нийт хэсгийг хамарсан метал ашигт малтмалын тархалтын зүй тогтлын судалгаа хийж байна. Мөн эх орны нийт нутаг дэвсгэрийн нарийвчлалтай судлах, дараа дараагийн хэтийн төлөвтэй талбайнуудыг ялгах болон бусад янз бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлууд явагдаж байна.

-Судалгааны ажилд хэдий хэр хэмжээний мөнгө төсөвлөдөг вэ?

-Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд ойролцоогоор 9 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн жилдээ 300 орчим тэрбум төгрөг төсөвлөөд 100 гаруй тэрбумаар гүйцэтгэл нь ирсэн мэдээ тайлангуудтай байна.

-Геологи хайгуулын ажил хийхэд хүндрэлтэй асуудал нь юу байх шиг байна. Хувийн хэвшлийн зүгээс ямар шаардлагыг тавьдаг вэ?

-Сүүлийн үед орон нутагтай харилцах харилцаа нэлээд хүндрэлтэй байна. Уул уурхай олборлолтын ажил биш учир байгаль орчны асуудал нь харьцангуй гайгүй. Гол асуудал нь орон нутагт хийх судалгааны ажлын явцад ажил хийгдэхгүй. Хуулиар хүлээсэн нэгж талбайд хийх судалгааны ажлын зардал нь баталгаажихгүй. Үүнээс болоод зөвшөөрөл эзэмшигч нар хуулиа биелүүлэхгүй байгаа мэтээр харагдах байдлууд гарч байгаа.

-Орон нутагтай харилцаагаа сайжруулахын тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хатуу ашигт малтмал ч биш газрын тосны асуудал ч байдаг. Ер нь орон нутагтай хийх уулзалт, өөрсдийнхөө хийх гэж байгаа ажлыг танилцуулах, ач холбогдлыг нь мэдүүлэх, орон нутгийг дэмжиж ажмллах ийм чиг үүргээ илүү сайн биелүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Ер нь бол  хэрэгжүүлэгч агентлаг ч гэсэн цэгцтэй, орон нутагт хийх уулзалтуудыг дэс дараатай хийх хэрэгтэй байгаа юм.

-Хайгуулын явцад ямар ямар ашигт малтмалын олдоц их байдаг вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар нэгэн ашигт малтмалын чиглэлээр өгдөггүй. Харин хайгуул хийж байгаа компани тусгай зөвшөөрөл авсан нутаг дэвсгэр дээрээ тухайн лицензийнхээ хүрээнд бүх төрлийн ашигт малтмалыг судлах үүрэгтэй. Тиймээс алтны эсвэл зэсийн гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй. Жилийн ажлын тайлан ирүүлж байгаа байдлыг тандаж үзвэл, тэр чиглэл нь давамгай байна гэсэн хандлага харагддаг. Одоо бол бид алт болон метал ашигт малтмал талаас нь үзэхэд дийлэнх нь энэ чиглэл рүүгээ хазайсан байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Алт хөтөлбөрийг гаргасантай холбоотой энэ талынх нь илүү их дэмжигдэж зарлагдаж байгаа. Үүнд 1000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг.

Ц.Энх