Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамиртай тусгай зөвшөөрлийн олголт, ажлын явцын талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Ашиглалтын 1574 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, хайгуулын 1962 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.8 хувийг, хайгуулын тусгай зөвшөөрөл 7.3 хувийг эзэлж байна.

-Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон уу?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын, өргөдлийн журмаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох ажил хэвийн явагдаж байна. Энэ жилийн тухайд 12 дахь сонгон шалгаруулалтаа хийсэн, 13 дахь шалгаруулалтаа зарлаад явж байгаа юм. Өргөдлөөр олгохдоо цахим хэлбэрээр авч байгаа. Гэхдээ үүнийг сайжруулах зүйл бий. Өргөдлөөр авахад зурагзүйн шүүлтэд давхцалтай гардаг асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд өргөдөл өгөхөөс тусгай зөвшөөрөл авах хүртэлх бүх дамжлагийг цахим хэлбэр рүү шилжүүлэх шаардлага байгаа юм. Энэ ажлыг хийгээд явж байна. Ингэснээр зурагзүйн шүүлтээр давхцах асуудал үүсэхгүй. Хоёрдугаарт орон нутгийн асуудал байдаг. Ашигт малтмалын хуулийн дагуу өргөдөл өгсөн хүн орон нутгаас санал авдаг. Орон нутгаас дэмжихгүй санал ч ирдэг. Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас орон нутгийн удирдлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй бүсчилсэн уулзалт хийж, хууль, Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулж байгаа. Уг ажлыг явуулснаар орон нутгийн удирдлагуудтай нэлээд ойлголцод хүрч байна.

-Танай газрын хувьд тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд цуцалж байна вэ?  

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянах үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байдаг. Ашигт малтмалын хуулиар тусгай зөвшөөрөл цуцлагдах таван заалт бий. Юу гэвэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, уг аж ахуйн нэгж татан буугдсан, хайгуулын нэгж талбайд оногдох төлбөрт зардал нь хүрээгүй гэх мэт заалтаар цуцлагдана. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны үүргээ биелүүлээгүй бол орон нутгийн саналаар байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллагын дүгнэлт ирсэн тохиолдолд манай газар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хуулийн заалттай.

-Ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг хэр сонирхож байх шиг байна?

-Канадын Торонто хотод болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад манай улс амжилттай оролцоод ирлээ. Өмнөх жилүүдэд 70 орчим л хөрөнгө оруулагч төлөөлөгч нар манай улсыг сонирхож, хуралд суудаг байсан бол энэ удаа 200 орчим төлөөлөгч манай улсыг сонирхлоо. Мөн 30 орчим уулзалтыг хийгээд ирсэн. Үүнээс харахад гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхох нь нэмэгдэж байна.

Ц.Энх