Жонш олборлогчид чуулав
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хамтран Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбооны дэмжлэгтэйгээр “Жоншны олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн уулзалт”-ыг Засгийн ХI байрны Дугуй танхимд зохион явууллаа.
Уулзалтын ажиллагаанд УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Нэргүй, АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн нар оролцлоо.
Уулзалт дээр УУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Ачитсайхан “Төрөөс уул уурхайн салбарын талаар баримталж байгаа бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль эрх зүй, татварын орчин”, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгц ”Жоншны салбарын өнөөгийн түвшин, хөгжлийн чиг хандлага, боловсруулалтын хэтийн төлөв”, Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбооны тэргүүн Д.Эрдэнээ “Жоншны олборлогчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” илтгэл тавьж “Монголчехметалл” ХХК-ийн зөвлөх Д.Амгалан “Металлургийн баяжмал үйлдвэрлэл, өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Кевин Инвест” ХХК-ийн захирал Ц.Батсайхан “Флотацийн баяжмал үйлдвэрлэл, өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий баяжуулагч Я.Дашдондог “Хайлуур жоншны баяжмалын чанарыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж”, Монголын эскпортлогчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал “Хайлуур жоншны дэлхийн зах зээл, хэрэглээ, үйлдвэрлэл” сэдвээр үг хэллээ.
Уулзалтын үеэр “Хууль эрх зүйн орчин, төрөөс баримталж байгаа бодлого, зах зээл татварын орчин, цаашдын төлөв” сэдвээр хэлэлцүүлэг явууллаа.
Уултын ажиллагаанд Монгол-оросын хамтарсан “Монрүсцвет” нэгдэл, “Баялаг жонш”, “Болор жонш”, “Бууралстоун”, “Дунфанлунма”, “Есөн-Эрдэнэ”, ”Их талст”, “Мирайфлюорит”, “Монголчехметалл”, “Нордвинд”, “”Ричфлюорит”, “Өнөржонш”, “Таванбаатар”, “Талст-Орчлон”, “Тэрмэнжонш”, “Флюмон”, “Хүдрийн орд”, “Хэрлэн-Энерго”, “”Чулуут-Интернейшнл”, “Шаширтрейд”, “Кевин Инвест” зэрэг жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг дал гаруй компанийн төлөөлөгчид оролцож халуун ам бүлээрээ тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярилцаж санал бодлоо хэлж байлаа.
Уулзалтаас зөвлөмж гаргаж уг зөвлөмжинд эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт хайлуур жоншны талаар бие даасан байдлаар тусгах, жоншны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой зөв ашиглах, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг асуудлыг иж бүрнээр нь багтаасан стратегийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хууль бус олборлолтыг таслан зогсоохын тулд олборлолтын эх үүсгэврийг тодорхой болгох тогтолцоог бий болгох, бичил уурхайчдын олборлосон жоншны гарал үүслийг бүртгэж дамлан худалдаачдыг үгүй болгох, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, үнийн нэгдсэн бодлого явуулах, гадаад зах зээлийн асуудалд онцгой анхаарах зэрэг олон чухал асуудлыг тусгасан байна.
Уулзалтын ажиллагаанд Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий гасзар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох ажилтнууд мөн оролцсон байна.