ОҮИТБС-ын хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын алба, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлэгч “Адам Смит интернейшнл” байгууллага хамтран өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион явууллаа.

УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал”, БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат “Уул уурхайн салбарын байгаль орчны өнөөгийн байдал” мэдээллийг хийж ОҮИТБС-ын товч танилцуулгыг Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хийлээ. ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга Клэйр Шорт мөн үг хэлж тус санаачилгын шинэ стандартуудыг тууштай мөрдөхийг онцолж 7 шинэ шаардлага бий болсон, байгалийн баялагаар нөөц арвинтай дэлхийн 39 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байна гэж дурдлаа.

ОҮИТБС-ын тухай хуулийн төслийн танилцуулгыг “Адам Смит интернейшнл” байгууллагын хуулийн зөвлөх Т.Батрагчаа, Төслийн захирал Жонатан Пепл нар хийж тус санаачилга манай оронд 2007 оноос хэрэгжиж байгаа боловч олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд тайлангаа бүрэн ирүүлэхгүй байна, ирүүлсэн тайлан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа учир хууль гаргах шаардлага гараад байна гэлээ. Засгийн газрын 2007 оны 80 дугаар тогтоол гарч салбар зөвлөлийг нийслэл, 11 аймагт байгуулсан ч ажил нь хангалтгүй байна, тайлан гаргах үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтнуудтай тайлан гаргаагүй тохиолдолд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин тодорхой бүрдээгүй байна, ОҮИТБС-ын нэгтгэл тайланг 6 удаа гаргасан ч аудитын шалгалтаар дүн хол зөрж байна, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож хөрөнгө оруулалт, тогтвортой байдал, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа ч тэдгээр нь олон нийтэд хаалттай хэвээр байна, санаачилгыг хэрэгжүүлэхэд хараат бус байдал хэрэгжихгүй байгаа учир хууль гаргах шаардлага гарч байна гэж дурдлаа.

Европийн сэргээн босголтын банкны санхүүжилтээр “Адам Смит интернейшнл” хүрээлэнгийн төслийг багаас УУЯ, Монголын ОҮИТБС-ын Ажлын албатай хамтран боловсруулсан 4 бүлэгтэй хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулж анхны хэлэлцүүлгийг хийлээ, дараа нь нилээд хэдэн удаа хэлэлцүүлэг хийнэ, хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барих зорилго тавин ажиллаж байна гэж хэллээ.

ОБИТБС-ын хуулийн төсөлтэй АМГ-ын Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхсайханд хандан танилцаж саналаа өгч болно. Тэрчлэн www.eitimongolia.mn цахим хуудсаар саналаа өгч болно.