Дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийлээ

Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар геологи, уул уурхайн салбарт хийгдсэн томоохон ажлуудаа танилцуулдаг билээ. Энэ долоодугаар сарын мэдээллийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хийв. Түүний хийсэн мэдээллийг хүргэж байна.

Оюутолгой анхны баяжмалаа экспортлов

Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон “гуравдагч” хөршийн хөрөнгө оруулагчид хамтран Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байсан нь Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд нэгэн содон үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн. Харин энэ сарын 9-нд “Оюутолгой” ХХК анхны баяжмалаа экспортолж эхэллээ. Ингэхдээ тус компани монголын талын хувь нийлүүлэгчдийн шаардлагаар Баяжмалын борлуулалтын гэрээг танилцуулж, борлуулалтын орлогоо Монголд бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болсон. 
Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Зургадугаар сарын 20-ноос энэхүү хүчин чадлаараа ажиллаж эхлээд байна. Ийнхүү тус үйлдвэр нь жилдээ ойролцоогоор 36 сая тонн хүдэр боловсруулж, жилдээ ойролцоогоор 1 сая тонн орчим зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байна. Цаашид баяжуулах хүдрийн хэмжээг нэмэгдүүлж 2018 он гэхэд жилдээ 54 сая тонн хүдэр боловсруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
Ийнхүү Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувиар, нийт экспортын өсөлтыг 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.

“Эрдэнэс Таван Толгой” 
“Эрдэнэс Таван Толгой” ХК-нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрс хуулалтын ажлыг эхлүүлснээр Цанхийн зүүн, баруун уурхай зэрэг ажиллаж байна. ”Эрдэнэс Таван Толгой” ХК 2011 онд 1 сая тонн, 2012 онд 2 сая 504 мянган тонн нүүрс олборлож, 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,5 сая тонн нүүрс экспортлосон. Уурхай олборлолтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж, 2016 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болно. Төлөвлөгөөний дагуу 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 6 сая тонн нүүрс олборлохоос одоогоор 834.3 мян.тонн нүүрс олборлож, 372,366 тонн нүүрс экспортлоод байна. Харин 2013 онд Цанхийн баруун уурхайгаас 2,5 сая тонн нүүрс олборлохоос 128.6 мян.тн нүүрс олборлоод байна. 
Цанхийн зүүн хэсгээс олборлож байгаа нүүрсээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хятадын Чалко компанид нийлүүлж, урьдчилгаа төлбөрийн зээлийн өрөнд буюу 350 сая ам.доллараас шууд суутгуулаад явж байна.Өнөөдрийн байдлаар170 гаруй сая ам.долларын өр үлдээд байна. Энэ оны 3 улирлаас тонн нүүрсний үнэ гэрээнд зааснаар 47 ам.доллар болсон. Хэрвээ энэ үнэ өсөхгүй буюу 47 ам.доллараар тооцвол 3,6 сая тонн нүүрс нийлүүлж, Чалкогийн өрийг барагдуулах юм. Чалкогийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэж үзэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 оны эхний хагас жилд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр талууд бэлтгэл ажлуудыг хуваарийн дагуу хэрэгжүүлж байна. 
Одоогоор Техникийн зураг төслийн ажлыг боловсруулах гэрээ УУЯ, Япон улсын Тоёо Инженеринг, ДГТБҮ ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсанаар тус судалгааны ажил эхэлж, инженерийн тооцоо судалгааны ажлууд хийгдэж байна. Мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан бэлэн болж БОНХЯ 2013 оны 7 сарын 9-ний өдөр холбогдох эрх бүхий зөвлөлийн хурлаараа баталгаажуулснаар тус төслийн санхүүжүүлэгч Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны стандарт шаардлагад хөрвүүлэх ажил хийгдэж байна.
Монгол Улсад олборлосон газрын тосыг бүхэлд нь ашиглахаар төлөвлөж байна. Ингэхдээ өөрийн улсад олборлосон тосны хэмжээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд худалдааны SWAP нөхцлөөр түүхийн эдийн хангалтыг шийдэхээр холбогдох талуудтай яриа хэлэлцээр хийж байна. Мөн Японы Марубэни корпорацийн Оросын Роснефть компаниас худалдан авдаг хэмжээн дээр өөрийн хэрэгцээг нэмж авах асуудлаар японы талтай яриа хэлэлцээ явуулж байгаа. Эдгээр яриа хэлэлцээг Засгийн газар хоорондын болгох чиглэлээр ажиллаж байна.
 

Газрын тосны экспорт, импортын талаар мэдээлэл

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 30 талбай ялгасан ба өнөөдөр 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчимаар газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна. 
Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар 18017 баррель буюу 2411 тонн газрын тос олборлож, 16860 баррель буюу 2257 тонн газрын тос экспортлоод байна. 2013 онд нийт 4543350 баррель буюу 608325 тонн газрын тос олборлож экспортлохоос энэ сарын 17-ны өдрийн байдлаар 2491096 баррель буюу 333891 тонн газрын тос олборлож, 2364052 баррель буюу 316845 тонн газрын тос экспортлоод байна. Олборлолтын гүйцэтгэл 54,83 хувь, экспорт 52,03 хувьтай байна. 
Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх зорилгоор тодорхой хэмжээний улсын мэдлийн нөөцийг бүрдүүлдэг. Одоогийн байдлаар ОБЕГ-т хадгалагдаж байгаа гамшгийн болон онцгой байдлын үед хэрэглэх улсын нөөцөөс гадна дээрх зорилгоор бүрдүүлсэн 12.700 тонн газрын тосны бүтээгдэхүүн хадгалагдаж байна. 
Мөн 2013 оны 7 дугаар сарын 23-ны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч компаниудын нийт нөөц улсын хэмжээнд 100,100 тонн буюу ердийн хэрэглээний 42 хоногийн үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 31, ТС-1 38 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ 
Засгийн газрын долоодугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспорторлох тогтоол гарсан. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм. Энэ шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм.
Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозам барихаар тогтлоо. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэнэ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нүүрсний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 10 орны тоонд багтлаа

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2013 оны эхний хагас жилийн байдлаар хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн 81 тайлан хэлэлцэгдсэн байна.
Энэхүү хэлэлцэгдэж нөөц нь бүртгэгдэж буй ордуудыг ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл:
№ Ашигт малтмалын төрөл Хэмжих нэгж 2013.07.10-ны байдлаар
1 Алт тонн 7.82
2 Зэс мян.тн 280.3
3 Төмөр сая.тн 70.46
4 Нүүрс сая.тн 2688.8
5 Хайлуур жонш сая.тн 1.15
6 Шохойн чулуу сая.тн 319.5
7 Гөлтгөнө мян.м3 2403.06
8 Цеолит мян.м3 5015.1
9 Боксит мян.тн 4053.58

Манай орны нүүрсний геологийн таамаг нөөц 173,3 тэрбум тонн, хайгуулаар тогтоогдсон нөөц 21,5 тэрбум тонн байсан бол 2013 оны эхний хагас жилийн байдлаар дахин 2,6 тэрбум тонноор нэмэгдэж нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд зүй ёсоор багтаад байна.

“Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013”
хурлын талаарх мэдээлэл

Энэ сарын 1-2-ны өдрүүдэд “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013” хурал БНХАУ-ын Хөх хотноо амжилттай болж өндөрлөлөө. 
Уг хурлаар Монгол Улсын нүүрсний үйлдвэрлэл ба хэрэгцээ, Монгол-Хятадын нүүрсний худалдааны чиг хандлага, Монгол-Хятадын нүүрсний худалдааны цаашдын хөгжил гэсэн сэдвийг хөндсөн. Хурлаас хоёр улсын Засгийн газар, хуралд оролцсон нийт оролцогчдод хандаж дараах “УРИАЛГА”-ыг гаргасан байна.
Засгийн газарт хандаж:
1. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой стратегийн хэлэлцээрийг байгуулж хоёр орны нүүрсний худалдаа тогтвортой хийгдэх эрх зүйн орчныг бий болгох. Хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан авто тээвэр, төмөр замын тээвэр, нүүрс боловсруулах хүчин чадал, хятад улсын нутгаар далайн боомт хүртэл нүүрсний бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэх, худалдааны тогтвортой байдлын асуудлыг хамруулах,
2. Монгол Улсын Уул уурхайн яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар хооронд байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг байгуулж Монгол, Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаанд оршиж буй гааль, татвар, хөрөнгө оруулалт, тээвэр, хилийн боомт, визийн горим зэрэг олон асуудлыг шийдвэрлэх. Гаалийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглаж нүүрсний худалдааны гол хилийн боомтуудад орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмж суурилуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тусгасан байна.

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр
“Ажлын гараа” төсөл

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илтгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар илгээгдэж байгаа юм байна. 
Уул уурхайн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдэж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд 07-р сарын 23-нд замдаа гарч, 24-ны өдрөөс эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, "Багануур" ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын оюутнууд 1 сарын хугацаанд ажиллахаар явсан. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компанийн зүгээс нэмэлт урамшуулал олгох гэнэ.

Энэ хэвлэлийн бага хуралд АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариуллаа.