“Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн IҮ үе шатны төслийн семинар болов

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн IҮ үе шатны үйл ажиллагааны төслийг хэлэлцэх семинар “Блью Плаза” ордонд болов.

Семинарт УУЯ, ХАХНХЯ, ХЗЯ, ХЯ, ЭМЯ, АМГ, НДЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Сорьцын алба, Уул уурхайн аврах алба зэрэг төрийн байгууллагууд, Азийн сан, ДЭМБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн, “Нэгдсэн ашигт малтмалын санаачилга”, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд, Монголын түлш, эрч хүч, геологи уул уурхайн ажилчдын ҮЭ-ийн холбоо, “Хүний эрх”Хөгжил” төв, “Хил хязгааргүй алхам”, “Хөгжлийн шийдэл”, “Нийгэм, бодлогын хөгжил”, “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд, бичил уурхайчид болон зарим компанийн төлөөлөл оролцож “Хувь хүн, хувийн хэвшил”, “Төрийн байгууллагууд”, “Олон улсын байгууллагууд” гэсэн гурван бүлэгт хуваагдан оролцож төслийн танилцуулгыг сонсож санал бодлоо илэрхийллээ.

“Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн “Эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хувьд хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн олон улсын сайн жишээ, туршлагаас суралцахын зэрэгцээ өөрийн туршлага, жишээг хуваалцан хувь нэмрээ оруулна.” гэсэн эрхэм зорилго бүхий IҮ үе шатны үйл ажиллагааны төслийн баримт бичгийг боловсруулах багийн гишүүд болох канад-угандын шинжээч Женифер Хентон, австрийн шинжээч Фелик Кружка, английн шинжээч Стелла Вин нар 2015-2018 онуудад дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хувилбарын зорилго, төлөвлөлт, агуулга, зохион явуулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж оролцогчдын санал бодлыг сонсож зөвөлгөөг авлаа.

Энэ төслийн хүрээнд хүний эрхийг дээдэлсэн эрх зүй, санхүүгийн орчинг бий болгох, бичил уурхай эрхлэгчдийн эрх, бичил уурхайн байгууллагуудын үүргийг тодорхойлох, бичил уурхайчдыг албажуулах, эрх мэдэлжүүлж эрхээ хамгаалах чиглэлээр нөлөөлөх чадвартай болгох, бичил уурхайчдыг нийгмийн болон байгаль орчны асуудалд илүү хариуцлагатай ханддаг болгох, бичил уурхайчдын дотор жендерийн эрх тэгш байдлыг хангах, эрдэс баялаг, өмчийн эрхтэй холбоотой зөрчлүүдийг шийдэх, орон нутаг, үндэсний түвшинд бичил уурхайчдыг мэргэшүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох, бичил уурхайчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, чөлөөт зах зээлтэй болгох, сайн жишээ, туршлагаас харилцах суралцах зэрэг олон зорилтыг тавьж хэрэгжүүлэх арга замуудыг заасан байна.

“Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн IҮ үе шатны үйл ажиллагааны төслийн баримт бичгийг боловсруулах багийн ахлагч австрийн шинжээч Фелик Кружка семинарын тухай ярихдаа ”2005 оноос “Тогтвортой бичил уурхай төсөл” танай оронд маш амжилттай хэрэгжиж байна. Хууль эрх зүйн орчин бий болж бичил уурхайчдыг албажуулах талаар их ахиц байна. Танай улсын тушлага олон улсын хэмжээнд үлгэр жишээч болохуйц түвшинд хүрээд байна. Манай баг танай оронд ирээд арваад хонохдоо УУЯ, АМГ гээд төрийн олон байгууллагаар орж иргэний нийгмийн байгууллагууд, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудаар орж орон нутгийн захиргаа, бичил уурхайчидтай уулзаж төслийн агуулга, ач холбогдлыг тайлбарлан ойлгуулж санал бодлыг сонслоо. Манай багт мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн АМГ-ын Бичил уурхайн тасагт талархлаа илэрхийлж байна. Төслийн эцсийн найруулгыг хийхдээ хүмүүсийн гаргасан санал бодол, зөвөлгөөг тусгах болно. Төслийн IҮ үе шат амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэж онцлон дурдсан.

Семинарын ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлагийн үндэсний зохицуулагч Н.Эрдэнэсайхан, “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн менежер, зимбаве улсын иргэн Т.Синго нар оролцлоо.