УЯ, АМГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран “Бичил уурхай ба алтны худалдаа” хурлыг зохион байгуулж тус хуралд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, бичил уурхайчдын төлөөлөл оролцлоо.

УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хурлыг нээж үг хэлэхдээ “Бичил уурхайчдын олборлосон алтны худалдааг албажуулах, ил тод болгох тухай сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал юм. УИХ-аас батласан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэж тодорхойлж алтны салбарт ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулж алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчид олборлосон алтаа Монгол банк болон түүнээс эрх авсан банкинд тушаасан тохиолдолд ашигт малтмал ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж олборлосон алтаа тухайн жилдээ тушааж байх болсон. 2012 онд бичил уурхай эрхлэгч 10458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар 38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаагаад байна. Бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулах, олборлолт явуулах зөвшөөрөлтэй газартай болгох, байгаль орчинд ээлтэй, осол авааргүй арга ажиллагаанд сургах, чадваржуулах, үйл ажиллагааг нь албажуулах чиглэлээр УУЯ болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай төсөл” тодорхой амжилт гаргаж байна.” гэж онцлон дурдлаа.

Швейцар улсаас Монгол улсад суугаа Ерөнхий консул, Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч Маркус Валдфогел хуралд оролцогчдод хандан баяр хүргэж АМГ-ын Уул уурхайн хэлтсийн Бичил уурхайн тасгийн дарга Д.Сагараадож “Бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны өнөөгийн байдал”, Монгол банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатар “Алт болон Эрдэнэсийн сангийн талаарх Монгол улсын макро эдийн засгийн бодлого, алт худалдан авах журам”, Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга М.Мөнгөнбаяр “Алтны сорьцын баталгаажуулалт хийх үйл явц”, Бичил уурхайчдын Нэгдсэн Дээвэр холбооны ерөнхийлөгч Б.Наранцогт “Орон нутагт алтны худалдааг албажуулах талаар цаашид авах арга хэмжэний талаарх санал”, “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн зөвлөх Феликс Хрушка, Женнифер Хинтон нар “Бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны талаарх олон улсын туршлага, сургамжууд” мэдээллийг хурал дээр хийлээ.

Тэрчлэн “Бичил уурхайн алтны худалдааг хэрхэн албажуулах бэ?”, “Бодлого, эрх зүйн зохицуулалтын хийдэл цоорхой, “хэрэгжилт, үүрэг, хариуцлага” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж хуралда оролцогчид санал бодлоо илэрхийлж төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан Зөвлөмж гаргалаа.

УУЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, “Алт” хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн Д.Тамир ”Монгол алтны салбарын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэл тавихдаа “Монгол улсад “Алт” хөтөлбөр хэрэгжиж алтны салбар уул уурхайн салбарын нэг том дэд салбар болон хөгжиж байна. Алт олборлогч томхон компаниуд бий болж гадаадын өндөр хүчин чадалтай уурхайн техник ашиглаж байна, техникийн нөхөн сэргээлтийг хийдэг болж алтыг уусган авдаг 2 баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын хүрээнд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” батлагдаж “Ашигт малтмалын тухай хууль”, “Газрын хэвлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэж “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”, Засгийн газрын хөтөлбөрүүд түүний дотор “Алт” хөтөлбөрийг боловсруулж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн алтны салбарын зүй, зохистой эрчимтэй 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, алтны салбарт одоо үйлчилж байгаа эрх зүйн орчинг цаашид тогтвортой байлгах, алтны хайгуул, олборлолтыг тодорхой тогтоосон газар нутагт явуулах, алт олборлох, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, худалдах журмыг боловсронгуй болгож үйлдвэрлэлийн голлох мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий хяналт, хариуцлагын тогтолцоонд шилжүүлэх, алтны орд ашигласнаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэн зөв үнэлэх, нөхөн сэргээлт хийх, ашигласан талбайг бүрэн буюу хэсэгчлэн улс, орон нутагт өгөх журмыг шинэчлэн боловсруулах, алтны олборлолт баяжуулалт, боловсруулалтын технологийн шаардлага, металл авалтын норматив хязгаарыг тогтоох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Монгол улс өнгөрсөн жил “Мөнгөн усны хэрэглээг багасгах, цаашид хэрэглэхгүй байх тухай” олон улсын конвенцид нэгдэн орсон. Олборлосон алтыг орон нутагт худалдан авч байх тухайд бол Монгол банк, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, хэмжил зүйн Сорьцын хяналтын албадын орон нутаг дахь төлөөлөгч нараар гүйцэтгүүлэх боломжтой ч хөрөнгө мөнгөний бэрхшээл байна.” гэж өгүүлсэн байна.

Бичил уурхайчдын Нэгдсэн Дээвэр холбооны ерөнхийлөгч Б.Наранцогт “Орон нутагт алтны худалдааг албажуулах талаар цаашид авах арга хэмжээний талаарх санал” мэдээлэлдээ “Бичил уурхайчид олборлосон бага хэмжээний алтаа нийслэлд ирж тушаах чирэгдэл ихтэй, зардал өндөртэй, цаг хугацаа алдаж байгааг болиулах, бичил уурхайчдад олборлосон алтаа газар дээр нь шууд худалдах боломжийг нөхцлийг бүрдүүлэх, орон нутагт болон нийслэлд ажиллаж байгаа ченжүүдийг зохион байгуулалтанд оруулах, үйл ажиллагааг нь ил тод болгох, албажуулах, сорьцийн лабораторийг орон нутаг байгуулж Монгол банк, арилжааны банкуудыг худалдан авдаг болгох” зэрэг олон саналыг тавилаа.

Хурлыг УУЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн Боловсруулалт, хэтийн төлөвийн тасгийн дарга М.Мэндбаяр нар удирдан явуулж хуралд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн менежер Пейшинс Синго нар оролцсон.