Зарим ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ, ерөнхий чиг хандлага
Дэлхийн зах зээл дээр голлох ашигт малтмалуудын 2014 оны 5 болон 6-р саруудын дундаж ханшийг авч үзвэл алт 0.66%-иар, зэс 1.13%-иар, цагаан тугалга 2.32%-иар тус тус буурч, мөнгө, хар тугалга, гянтболдын үнэ тогтмол байлаа. Харин цайрын үнэ өмнөх сарын дундажтай харьцуулбал 1.48%-иар, молибдений үнэ 2.74%-иар тус тус өссөн байна.
Ашигт малтмалын нэрс |
Нэгж |
5-р сарын дундаж үнэ |
6-р сарын дундаж үнэ |
Өөрчлөлт |
Алт |
$/унци |
1287.53 |
1278.98 |
-0.66% |
Мөнгө |
$/унци |
19.36 |
19.78 |
0.41% |
Зэс |
$/тн |
6883.88 |
6806.1 |
-1.13% |
Цайр |
$/тн |
2060.30 |
2126.79 |
3.23% |
Хар тугалга |
$/тн |
2097.13 |
2103.31 |
0.29% |
Цагаан тугалга |
$/тн |
23313.75 |
22773.81 |
-2.32% |
Молибдени |
$/тн |
31185 |
32040.48 |
2.74% |
Гянтболд |
$/тн |
49.5 |
49.5 |
0% |
Алт: Алтны үнэ 6-р сарын байдлаар 1278.98 ам.доллар/унци буюу өмнөх сараас 0.66%-иар буурсан байна. 2013 оны эхний 6 сарын алтны дундаж үнэ 1522.05 ам.доллар/унцийг 2014 оны эхний 6 сарын дундаж үнэ 1291.69 ам.доллар/унцитай харьцуулахад алтны үнэ 15.14%-иар буурсан үзүүлэлттэй байна. Он гарсаар алтны үнэ нэмэгдэж байсан боловч оны 3-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл алтны үнэ буурсаар байна. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна. Алтны үнэ энэ зуны турш 1260-1290 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж байна.
( Эх сурвалж: www.kitco.com, www.metalprices.com )
Мөнгө: 2013 оны эхний 6 сарын мөнгөний дундаж үнэ 26.58 ам.доллар/унцийг 2014 оны эхний 6 сарын дундаж үнэ 20.04 ам.доллар/унцитай харьцуулахад мөнгөний үнэ 24.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. Харин 2014 оны 6-р сарын дундаж үнийг 5-р сартай харьцуулахад мөнгөний дундаж үнэ 0.41%-иар өссөн байна. 6-р сарын 24 нд мөнгөний үнэ 21.2 ам.доллар/унцид хүрсэн нь өнгөрөгч 5 болон 6-р саруудын хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Зах зээл дээр мөнгөний илүүдэл байгаа учраас ойрын хугацаанд мөнгөний үнэ 18.6-21 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж байна.
( Эх сурвалж: www.kitco.com )
Зэс: 2013 оны эхний 6 сарын зэсийн дундаж үнэ 7536.16 ам.доллар/тн байсан бол 2014 оны эхний 6 сарын зэсийн дундаж үнэ 6911.96 ам.доллар/тн буюу 8.28%-иар буурсан байна. Сүүлийн үед үнэт болон өнгөт металлын үнэ буурсаар байгаа ба үүнд Хятад улсад зээлийн бодлого чангарч эхэлсэн нь нөлөөлсөн. Цаашид зэсийн хүдэр болон бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боловч хэрэглээ сул хэвээр байгаа тул зэсийн үнэ буурах хандлагатай байгаа ба ойрын болон дунд хугацаандаа зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6800-7100 ам.доллар/тн-ын хооронд хэлбэлзэх хандлагатай байна. 2014 оны 6-р сарын байдлаар зэсийн дундаж үнэ 6806.1 ам.доллар тонн болсон байна. Энэ нь өнгөрөгч 5-р сарын дундаж үнийг бодвол 1.13%-иар буурсан үзүүлэлт юм.
( Эх сурвалж: www.metalprices.com )
Цайр: 2014 оны 5-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2060.30 ам.доллар/тн байсан бол, 6-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2126.79 ам.доллар/тн болж 3.23%-иар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь 2014 оны эхний 6 сарын байдлаар хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа билээ. Тэгвэл үүнийг даган цайрын эрэлт хэрэгцээ мөн ихсэж байгаа боловч уурхайнууд хаагдаж цайрын нийлүүлэлт буурч байна. Ингэснээр үнийн өсөлт бий болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн цайрын эрэлт хэрэгцээ 2014 онд 13.85 сая.тн буюу 5.7%-иар өссөн бөгөөд 2015 онд энэ тоо ахин 5.2%-иар өснө гэж таамаглаж байна.
( Эх сурвалж: www.metalprices.com )
Хар тугалга: 2014 оны 6-р сард хар тугалгын дундаж үнэ өнгөрсөн 5-р сарыг бодвол 0.29%-иар өсөж 2103.31 ам.доллар/тн болсон байна. Хар тугалга болон мөнгөний үнэ өнгөрсөн сарын турш доогуур үзүүлэлттэй байсан нь БНХАУ-ын зарим уурхай үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсантай шууд холбоотой юм. Тиймээс 2014 оны 5-р сарын хар тугалгын баяжмалын үйлдвэрлэлийг 2013 оны мөн үетэй харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хар тугалга болон цайрын зарим уурхайнууд Өвөр Монгол, Шинжаан, Циньхай, Төвдөд үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр БНХАУ-ын хойд хэсгээр хар тугалгын баяжмалын хэмжээ аажмаар нэмэгдсээр байх хандлага ажиглагдаж байна.
( Эх сурвалж: www.lme.com )
Цагаан тугалга: БНХАУ-ын импорт эрс өссөн мөн дотоодын зах зээл дээрх түүхий эдийн хангамж элбэг болсоноор 5-р сард цагаан тугалгын үйлдвэрлэл өссөн байна. БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны мэдээнд “Цагаан тугалгын олборлолт нэмэгдэж, өнгөрсөн 5-р сарын байдлаар 16096 мянган тонныг олборлолоо” гэсэн байна. Тус улс ойрын хугацаанд цэвэр цагаан тугалгыг экспортлогч улс болохоор ажиллаж байна. 2014 оны 5-р сарын байдлаар цагаан тугалга нь 23313.75 ам.доллар/тн байсан бол 6-р сарын дундаж үнэ 22773.81 ам.доллар/тн болж 2.32%-иар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрөгч 6-р сард Лондонгийн Металын Бирж дээр цагаан тугалын үнэ 22450 ам.доллар/тн болж буурсан бөгөөд үүнээс үүдэн БНХАУ-ын засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байх төлөвтэй байна.
( Эх сурвалж: www.lme.com )
Moлибдени: БНХАУ-д молибдений баяжмалын эрэлт бага байгаа учир зах зээл ерөнхийдөө удаашралтай байгаа боловч, гол молибдений уурхайнууд тогтоосон хэмжээнд молибдений баяжмалаа тогтмол гаргасаар байна. 2014 оны 5-р сард молибдений үнэ 31185 ам.доллар/тн байсан бол 6-р сарын байдлаар 32040.48 ам.доллар/тн буюу 2.74%-иар өссөн байна. 7,8-р саруудад молибдений үнэ буух төлөвтэй байгаа бөгөөд энэ талаар “Үнэ мэдээж дээд цэгтээ хүрсэн, гэвч энэ зуны байдлаар эргээд буурах хандлагатай байна” гэж шинжээжид хэлсэн байна.
( Эх сурвалж: www.lme.com )
Гянтболд: Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдуулагч карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог бөгөөд 2014 оны эхний 6 сарын байдлаар БНХАУ-ын зах зээл дээр гянтболдын үнэ өөрчлөлтгүй тогтмол хэвээр байна. Энэ байдал зуны турш үргэлжлэх төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
( Эх сурвалж: www.asianmetal.com )
( Эх сурвалж: www.umetal.com )
Товч дүгнэлт
БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэж байна. Учир нь тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт болох “Purchasing Managers” индекс өнгөрсөн 5-р сард 50.8 байсан бол 6-р сарын байдлаар 51 болон өсчээ. Энэ тухай тус улсын Статистикийн товчоо болон Хятадын логистик, худалдааны холбоо мэдээлсэн байна.
Хэдийгээр зэс болон бусад өнгөт металлын хүдрийн нийлүүлэлт, бүтээгдэхүүний хэмжээ цаашид нэмэгдэх ч хэрэглээ нь сул хэвээрээ үргэлжлэх тул цаашид түүхий эдийн үнэ буурах хандлагатай байна.
АМГ-ЫН УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС, НЭЗСТ