Баянгол дүүргийн шүүх 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд “...сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгох талбай гэж үзэн ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд түрүүлж өгсөн өргөдлүүдэд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэж тэмдэглэн дээрхи тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дүгээр зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчин ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийг бусдад олгосон нь тогтоогдсон учраас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор хэвийн явуулах боломжгүй болгож, хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дах хэсэгт заасан “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрсдийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1 “тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хүлээлгэн өгсөн бол сонгон шалгаруулалт явуулж талбайг шинээр олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.2 “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно”, 26 дугаар зүйлийн 26.9 “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно” гэснийг тус тус зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 106 тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Нэгэнт 3 шатны шүүх дээрхи 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Энэхүү журам нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгсөн болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа.

Ийнхүү гарсан зардлыг баталгаажуулж, босго үнэ тогтоосон  эхний 14 талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн боллоо.

Дээрх 14 талбайд гарсан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд босго үнэ төлөх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй.

Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч мэдээлэл:

Тус 14 талбай нь 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс:

  • Баянхонгор аймагт  6
  • Дорноговь аймагт 3
  • Дундговь аймагт 1
  • Өмнөговь аймагт 1
  • Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1
  • Ховд аймагт 1
  • Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.

Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56,098.52 га байна.

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

 

Довцог худаг

56,098.52

Дорноговь

 

Хашаатын хөндий

22,428.06

Баянхонгор

 

Товцог хайрхан уул

20,008.53

Баянхонгор

 

Ногоон тал

13,664.08

Дорноговь

 

Амгалант

10,943.15

Өмнөговь

 

Хөх хошууны худаг

9,732.27

Дорноговь

 

Хар ат уул

4,283.93

Баянхонгор

 

Улаан эрэг

9,546.52

Баянхонгор

 

Могойт

4,501.65

Дундговь Өмнөговь

 

Бага хөх цав

4,454.54

Дундговь

 

Цогт хайрхан уул

1,313.75

Баянхонгор

 

Чойдог худаг

1,130.96

Ховд

 

Хонхор дэрс

102.02

Баянхонгор

 

Хөхтолгой

94.48

Улаанбаатар

         

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох мэдээллийг Ашигт малтмалын газраас болон АМГ-ын цахим хуудас www.mram.gov.mn авч болно.