AMEP төслийн зөвлөх А.Отгонбаатар: Геологийн мэдээлэл хүртээмжтэй болсоноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Геологи уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт татах нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх нэг хөшүүрэг юм. Тиймээс ч хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулж байсан хууль эрхзүйн орчныг сайжруулж, тогтворжуулах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Түүний сацуу дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв, хэрэгцээ шаардлага хангахуйц геологийн мэдээлэл авах боломжийг нь нээлттэй болгох чухал.

Мэдээлэл ил тод байснаар геологийн эрэл хайгуулын ажлын зардлыг бууруулж, тухайн орны хувьд энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгдөг.

Геологийн мэдээллийн төвийн архивт арвин мэдээлэл хадгалагдаж байгаа ч хүртээмжтэй байх тал дээр учир дутагдалтай байдаг нь нууц биш. Тиймээс Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/-ийн хүрээнд АМГТГ-т геологи, геофизик, геохими, гидреогеологи, орон зайн мэдээлэл зэрэг гео-мэдээллийн менежментийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаа аж. 2015 оноос эхэлсэн уг хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ онд Монгол Улсын Геомэдээллийн санг бэхжүүлэхэд төвлөрч ажиллаж байна. Үүний дагуу төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг вебэд байршуулах төсөл хэрэгжиж байгаа юм. Өдгөө АМГТГ-ын сайтад туршилтын хувилбар тавигдсан ба AMEP төслийн зөвлөх А.Отгонбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

AMEP төслийн зөвлөх А.Отгонбаатар: Геологийн мэдээлэл хүртээмжтэй болсоноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Тэрээр геологийн мэдээллийг вебэд байршуулах төсөлд Австралийн мэргэжилтэн Др Андрью Жоүнсийн хамт зөвлөхөөр ажиллаж байна.

-Монголын геологийн мэдээллийг цахим орчинд байршуулж байгаа төслийнхөө талаар танилцууна уу?

-Олон улсын судалгааны байгууллагуудын гаргасан мэдээлэлд Монгол Улсын геологи уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах чадамж нэлээд доогуур үнэлэгдэж байна. Үүний нэг шалтгаан нь Монгол орны геологийн мэдээлэл нь хүртээмжтэй бус, хаалттай байдагтай холбоотой аж. Уг нь АМГТГ-т чанарын өндөр түвшинд хийгдсэн, өргөн мэдээллүүд хадгалагдаж байдаг ч нийтэд хуваалцах тал дээр учир дутагдалтай байгаа. Тиймээс уг мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгохын тулд бид Австралийн геомэдээллийн сангийн сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байна. Нэг ёсондоо уг төслийн зорилго нь геологийн салбарынхан тэр дундаа хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллийг нь хүргэхэд оршино.

Геологи бол маш эрсдэлтэй салбар. Тиймээс уг эрсдэлийг бууруулах нэг нөхцөл нь чанартай, найдвартай мэдээлэл авах байдаг. Геологийн үнэн бодит, сайн чанарын мэдээлэл нь манай улсын эдийн засагт ч үр өгөөжтэй юм. Тухайлбал, бид хөрөнгө оруулагчдад 1 ам.долларын мэдээлэл өгөхөд тухайн мэдээлэл дээр тулгуурлаж гарах шийдвэр, үр өгөөж нь магадгүй 100 мянган ам.долларын үнэ цэнэтэй байж болох юм. Тиймээс геологийн мэдээлэл хүртээмжтэй болсоноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-Уг төсөл одоогоор туршилтын шатандаа явж байна. Хэзээ бүрэн гүйцэт болох вэ?

-Вебэд суурилсан орон зайн каталог хайлтын системийг ирэх долоодугаар сард хүлээлгэж өгнө. Улмаар мэдээлэл оруулах ажил хийгдэж 12 дугаар сард гүйцэтгэж дуусна.

-АМГТГ-т хадгалагдаж буйа бүх мэдээллийг оруулах уу, техникийн шийдэлд асуудал тулгарах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Техникийн шийдлийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй. Харин санд оруулах мэдээллийн хувьд хууль эрхзүйн боломж болоод зарим хязгаарлалтын хүрээнд байршуулна. Оруулах мэдээллийн хязгаарлалт нь ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд хамаарна. Өмнө нь мэдээллийг хэлбэрийн хувьд нууцад хамааруулж байсан бол уг хууль хэрэгжсэнээр агуулгаар нь хамааруулах тухай заалт орж байгаа. Уг хуулийн хүрээнд төрийн байгууллагууд нууцад хамаарах мэдээллийнхээ жагсаалтыг гаргана.

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГТГ нь хувийн хэвшилд найдвартай, хэрэгцээ шаардлага хангахуйц геологийн мэдээллээр хангах үүрэг хүлээн ажилладаг. Тиймээс олон мэдээллийг нууцын зэрэглэлд хамааруулахгүй гэсэн бодлого барьж ажиллах юм билээ. Улмаар хөрөнгө оруулагчдад таатай боломжийг бүрдүүлж байгаа хэрэг.

Харин хэлбэрийн хувьд гэдэг нь өмнө нь 1:100.000-ны машстабтай зураг нууцад хамаарч байсан бол өдгөө тухайн зурагт нууцлалтай холбоотой мэдээлэл ороогүй тохиолдолд нийтэд ил мэдээлж болох аж.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

 

Эх сурвалж: http://investor.mn