Тус хэвлэлийн бага хуралд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Нүүрсний хэлтсийн дарга Алтсүх, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа нар оролцлоо.

АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн хийсэн мэдээллийг дор толилуулж байна.

АМГ-ААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АРГА

ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүллээ

2014 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Кадастрын нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгох явдал байсан.

 

Байгууллагынхаа 2 давхрын өрөөнүүдийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн засварлаж нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүллээ.

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг цэгийн үйлчилгээнээс өргөдлийн болоод тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон шат дамжлагагүйгээр нэг дороос цогц байдлаар авах боломжтой болсон.

 

Дараагийн ээлжинд Геологи, Уул уурхайн хэлтсийн үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэхээр өрөө тасалгааг бэлтгэсэн бөгөөд энд хувийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөвлөгөө тайланг хүлээн авах, зардлын доод хэмжээг баталгаажуулах, уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авах үйлчилгээг үзүүлэх юм.

 

Төрийн үйлчилгээний машинаас зарим шаардлагатай мэдээллийг авах боломжтой болно

 

2013 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэд 20 гаруй нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд манай газрын зүгээс үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага болон хэрэгжүүлэх техникийн боломжийг харгалзан дараах нэр төрлийн мэдээллүүдийг энэхүү машинд оруулахаар МТШХХГ-тай хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрлийн мэдээлэл /лавлагаа/
  2. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн мэдээ, тайлан ирүүлсэн талаарх лавлагаа
  3. Геологи, хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, тайлан, зардлын доод хэмжээ баталгаажуулалтын тодорхойлолт г.м

 

Дээрх мэдээллүүдийг ТҮЦ машинд оруулснаар үйлчлүүлэгчид өөрт аль ойр байгаа газраасаа шаардлагатай мэдээллээ авах боломж бүрдэх бөгөөд цаашид уг машинд боломжтой мэдээ, мэдээллийг нэмж оруулахаар судалж байна.

 

Уул уурхайн компьютержсэн кадастрын системийг ашиглаж байна

Дэлхийн Банкны “Засаглалыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Уул уурхайн компьютержсэн кадастрын систем /УУККС/ төсөл 2006 оноос 2012 оны хооронд тус газарт амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд Монгол Улсад орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн автоматжуулсан уул уурхайн бүртгэл, кадастрын системийг бий болгон тусгай зөвшөөрлийн эрх олголт болон түүнтэй холбогдсон кадастрын үйл ажиллагааны менежментийг илүү боловсронгуй, түргэн шуурхай болгосон.

УУККС-ийг өдөр тутмын ажил үйлчилгээндээ хэрэгжүүлж эхэлснээр кадастрын үйлчилгээний ил тод байдал улам сайжирч, мэргэжилтний гар ажиллагаанаас үүдэн гарах алдаа, зөрчил арилж, хэрэглэгч болон өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрлийн давхцлыг автоматаар шалган кадастрын зургийг бэлдэж улмаар өргөдлөө хэрхэн бүртгэгдэж байгааг харах, аль шатанд буйг шалгах бүрэн боломжтой болсон нь кадастрын үйл ажиллагааны үндсэн горимууд энгийн хялбар, түргэн шуурхай болсон.

Мөн уг төслийг улам өргөжүүлэн 2012-2014 оны хооронд Дэлхийн банкны санхүүжилттай “Уул уурхайн салбарын институцыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-тэй хамтран Уул уурхайн бүртгэл кадастрын цахим хуудсыг бий болгоод байна.

Энэ төслөөр Ашигт малтмалын газарт бие даасан цахим хуудас, веб серверийг байгуулж, интернетийн орчинд уул уурхайн бүртгэл, кадастрын системийг байршуулсан. Уул уурхайн бүртгэл кадастрын цахим хуудсыг нэвтрүүлж эхлэснээр олон нийтийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд интернетээр дамжуулан шаардлагатай мэдээ мэдээллээ авч, ашигт малтмалын салбар илүү ил тод нээлттэй болж байгаа юм. Хаяг: http://www.cmcs.mram.gov.mn

Оюутолгойн нөөцөд тодотгол хийгдлээ

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЭБМЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцэж, ордын 2009 оны батлагдсан нөөцийг нарийвчлан шинэчилж, зэрэг ахиулан хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд шинэчилсэн нөөцөөр зэс 44 сая 595.0 мян.тн, алт 1.9 тн, мөнгө 11.9 мян.тн, молибден 205.0 мян.тн болсон байна.

Ашигт малтмалын газрын удирдлага болон нийт албан хаагчдад “ Төрийн албан хаагчийн манлайлал, ур чадвар ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын удирдлага болон нийт албан хаагчдад зориулан

“Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Харилцааны соёл, ёс зүй” “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон “Авлигын эсрэг хууль”-ийн хэрэгжилт сэдвээр сургалт явуулав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, багаар ажиллаж амжилтанд хүрэх талаар “Саникон” төвийн зөвлөх багш Н.Болд,

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Хонгор,

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон “Авлигын эсрэг хууль”-ийн хэрэгжилт, түүнтэй холбоотой практикт гарч байгаа асуудлуудын талаар Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн Н.Мөнхбаяр нар сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК

 

Улсын хэмжээнд нийт 2764 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар нийт 2764 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1378, хайгуулын 1386 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.53 хувийг эзэлж байна.

 

Батлагдсан төсвийн орлогын гүйцэтгэл

2014 оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 31.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.6 тэрбум төгрөг, бусад орлого 1.47 тэрбум төгрөг байна. 2014 оны төлөвлөгөөний биелэлт 120 хувь байна.

Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 

2014 оны 9 сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 493.5 мянган тонн, молибдений баяжмал /47 хувийн агуулгад шилжүүлснээр/ 3.0 мянган тонн, нүүрсний олборлолт 15.9 сая тонн, алтны 7.7 тонн, хайлуур жоншны баяжмал 287.3 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 5.8 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 71.9 мянган тонн байна.​ Өнгөрсөн оны 9 дүгээр сарын байдалтай харьцуулвал зэсийн баяжмал 37.0 хувь, төмрийн хүдэр 30.9 хувь, хайлуур жоншны баяжмал 67.9 хувь  тус тус өссөн байна.

Экспортод гаргасан гол нэр төрлийн эрдсийн үйлдвэрлэл 

2014 оны 9 дүгээр сарын өссөн дүнгээр 13.5 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 966.2 мянган тонн, молибдений баяжмал 2.5 мянган тонн, жонш 228.2 мянган тонн, төмрийн хүдэр 4.1 сая тонн, цайр 80.4 мянган тонн, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 5.1 тонныг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 18.7 хувь, зэсийн баяжмал 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ӨРГӨДЛӨӨР ОЛГОХ  

БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг олон нийтэд хүнд сурталгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгохоор бэлтгэл ажлыг хангуулж байна.

АМГ-аас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг олгох цахим систем /www.haiguul.mram.gov.mn/-ийг интернэт орчинд байршуулан, туршилт хийлээ. Туршилтын явцад системд зарим нэг өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс ирсэн санал болон Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн системийг улам боловсронгуй болгох ажил хийгдэж дуусах шатандаа байна.

Системийн шинэчлэлтийн ажлын хүрээнд өргөдөл гаргагч хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг тодорхойлох зорилгоор өргөдлийн дугаар олгох цахим системийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сантай шууд холбох ажил хийгдэж байна.

Мөн түүнчлэн өргөдлийн үйлчилгээний хураамжийг шууд онлайнаар төлөх нөхцлийг бүрдүүлж, цахим системийг арилжааны банкуудын онлайн төлбөр тооцооны системтэй холбож байна. Мөн системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор сүлжээг хязгаарлах VPN төхөөрөмжийг ашиглахаар тогтож түүнд шаардлагатай системийн нэмэлт хөгжүүлэлтийг хийгээд байна.

Одоогоор системийн үйл ажиллагаа, аюулгүй байдал зэрэгт ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраар аудит хийлгэж байна.

 

БНХАУ-ЫН ИМПОРТЫН ТАТВАР, АРИЛЖААНЫ НҮҮРСНИЙ ЧАНАРЫН

УДИРДЛАГЫН ТҮР ЖУРМЫН ТУХАЙ

БНХАУ-ын засгийн газраас  дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эд түүний дотроос нүүрсний зах зээлийн байдал хүндэрсэн,    импортоор орж ирж байгаа хямд үнэтэй нүүрс дотоодын зах зээлийг давамгайлан эзэлж эхэлсэн явдлыг зогсоох,  дотоодынхоо үйлдвэр уурхайгаа дэмжих зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын импортын татварын тухай

БНХАУ нь энэ оны 10 дугаар сарын 15-наас эхлэн импортын нүүрсэнд 3-6% татвар ногдуулахаар болсон байна. Энэхүү төрлийн татварыг 2007 он хүртэл мөрдөж байгаад хүчингүй болгосон байсан.

Антрацит болон коксжих нүүрсний импортын татварыг 3%-д, харин чулуун нүүрсэнд тэр дотроо цахилгаан станцид зориулагдсан эрчим хүчний нүүрсэнд 6%-ийн импортын татвар ногдуулахаар болсон байна.

Бусад төрлийн нүүрс болон нүүрсэнд суурилагдсан шатах түлш болох брикетэд импортын татварыг 5%-д тогтоож байна.

БНХАУ нь 2005 он хүртэл коксжих нүүрснээс бусад бүх төрлийн нүүрсэнд 6%-ийн импортын татвар ногдуулж байгаад 2007 он хүртэл шат дараалан бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан.

БНХАУ-ын импортын шинэ татвар мөрдөгдөж эхэлснээр манай улсын хувьд:

БНХАУ-д айлчилж байгаа УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж байгаа нүүрсний импортын татвар тогтоох болсон нь манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг тавилаа.

Хятад улсын нүүрсний зах зээл дээр импортын татвар мөрдөж эхэлснээр энэ оны 10 дугаар сарын дундаас эхлэн угааж баяжуулсан нүүрсний үнэ 10-20 юаниар, коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар нэмэгдсэн байна.

“Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын удирдлагын  талаар мөрдөгдөх түр журам”-ын тухай 

БНХАУ-ын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо зэрэг 6 яам, байгууллага хамтран 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр арилжааны зориулалттай нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах  зорилгоор Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам”-ыг  нийтэд зарласан байна. Энэхүү түр журмыг  2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  Түр журмын  шаардлагаднийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглосон байна.

Түр журамд  арилжааны нүүрсэнд тавигдах стандарт шаардлагыг  нарийн зааж өгчээ. Үүнд: дотоодын хүрэн нүүрсний үнслэг 30%-иас бага, хүхрийн агууламж 1.5%-иас бага, бусад төрлийн нүүрсний үнслэг 40%-иас бага, хүхрийн агууламж 3%-иас бага байх, мөнгөн ус 0.6 мкг/г , хүнцэл 80 мкг/г, фтор 200 мкг/г,  фосфор 0.15%-иас, хлор 0.3%-иас бага байхаар заасан байна.

БНХАУ-д 600 км-ээс дээш зайд тээвэрлэх нүүрсний илчлэг, үнслэг, хүхрийн агууламжинд хатуу стандарт зааж өгсөн бөгөөд дээрх 5 химийн элементийн агууламжаас гадна  хүрэн нүүрсний үнслэг 20%-иас бага, хүхрийн агууламж 1%-иас бага, илчлэг нь 3946 ккал/кг-аас дээш, бусад төрлийн нүүрсэнд үнслэг 30%-иас бага, хүхрийн агууламж 2%-иас бага, илчлэг нь 4300 ккал/кг-аас дээш байхаар хязгаарлалт хийгдсэн байна.

БНХАУ-ын “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам”-нд заагдсан техникийн шинжилгээний үндсэн үзүүлэлтүүд нь манай улсын 2014 онд батлагдсан “Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-тай үндсэндээ тохирч байгааг доор харьцуулсан хүснэгтэнд үзүүллээ. Харин манай экпортлогч нарын хувьд БНХАУ-ын импортлогч нарт тавигдах шинэ шаардлага болох мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг 5-н элементийн шинжилгээг хийлгэсэн байх шаардлага шинээр тавигдахаар байна.

“Арилжааны  нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөгдөх түр журам”-д заагдсан  нүүрсний чанарын шаардлага ба “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний  ангилал (MNS 6457: 2014)”  стандарт дахь нүүрсний чанарын шаардлагын харьцуулалт

 

 

БНХАУ-ын “Арилжааны  нүүрсний чанарын  удирдлагын талаар мөрдөгдөх түр журам”-ын үзүүлэлтүүд

Монгол улсын “Нүүрс,  нүүрсэн бүтээгдэхүүний  ангилал (MNS 6457: 2014)”  стандартын үзүүлэлтүүд

Арилжааны нүүрс

600 км-ээс дээш  зайд тээвэрлэх арилжааны нүүрс

1

Хүрэн  нүүрс

 

 

 

Илчлэг

-

(Qnet,ar) ≥16,5МЖ/кг

(3940 ккал/кг )

(Qnet,ar) <18,8МЖ/кг

(4500ккал/кг)

үнслэг

(Ad) ≤30%

(Ad) ≤20%

(Ad)< 20%

хүхэр

(St,d)≤1,5%

(St,d) ≤1%

(St,d) ≤1,5%

Бусад үзүүлэлт

Мөнгөн ус(Hgd) ≤ 0,6mг/г

-

Хүнцэл (As d ) ≤ 80mг/г

-

Фосфор (Pd) ≤ 0,15%

-

Хлор (Cld) ≤ 0,3%

-

фтор (Fd) ≤ 200mг/г

-

2

Бусад төрлийн нүүрс

 

 

 

Илчлэг

-

(Qnet,ar) ≥18 МЖ/кг

(4300 ккал/кг )

(Qnet,ar) ≥18,8МЖ/кг

(4500ккал/кг)

үнслэг

(Ad) ≤40%

(Ad) ≤30%

(Ad) ≤25%

хүхэр

(St,d) ≤3%

(St,d) ≤2%

(St,d) ≤1,5%

Бусад үзүүлэлт

Мөнгөн ус(Hg d ) ≤ 0,6mг/г

-

Хүнцэл (As d ) ≤ 80mг/г

-

Фосфор (Pd) ≤ 0,15%

-

Хлор (Cld) ≤ 0,3%

-

фтор (Fd) ≤ 200mг/г

-

      

Иймд БНХАУ-ын “Арилжааны  нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөгдөх түр журам”-ын хэрэгжиж эхлэх 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс өмнө нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг 5-н элементийг журамд заасан хязгаарт тодорхойлуулах, энэ шинэжилгээг хийх чадвартай лабораторийн судалгаа гаргаж,  аргачлал стандартыг нэвтрүүлэх, шинжилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг  үйл ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР