Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаатай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичгээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах” тухай мэдэгдэл ирүүлсэн тул АМГТГ-ын зүгээс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулсан.

Цахимаар дугаар олгохтой  холбоотойгоор холбогдох яам, газруудын нэр бүхий албан тушаалтнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжлох, үндэслэлгүй мэдээллүүд гарсанд УУХҮЯ болон АМГТГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа илэрхийллээ.

Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорин ажилласан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт ээлжит нээлттэй туршилтыг хийсэн байна. Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдсэн бөгөөд дугаар олгох үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлэн нэвтрэх эрх авсан ААН-үүд идэвхтэй оролцсон байна.