ДОРЖИЙН ТОВУУДОРЖ 

                                                          (1941-2019)

Монгол Улсын  Геологийн шинжлэх ухааны эрдэмтэн, "Улсын геологийн зураг-200 Баруун Монгол" төслийн удирдагч, геологийн зураглалын инженер, геологи-минералогийн ухааны доктор, дэд профессор (доцент) Д.Товуудорж  нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын геологийн салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Товуудорж  нь 1941 онд Хөвсгөл  аймгийн Цэцэрлэг суманд төрж, 10 жилийн дунд сургууль, МУИС-ийн геологийн сургуулийн ашигт малтмалын эрэл зураглалын геологич инженер мэргэжлээр төгсөж. Хөвсгөлийн геологийн удирдах газарт Ангийн даргаар, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд Зөвлөх геологичоор, Геологи үйлдвэрлэл шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар, Монгол Улсын их сургуульд багшаар 2001-2010 онуудад АМХЭГ-ын Геологийн мэдээлэлийн төвийн "Улсын геологийн зураг-200 Баруун Монгол" төслийн удирдагчаар  тус ажиллаж байсан манай салбарын шилдэг тэргүүний зураглалын геологич, нэг хүндтэй эрдэмтэдийн нэг байлаа.

Эрдэмтэн геологич Д.Товуудорж нь Монгол Улсын Геологийн салбарт 50 гаруй жил ажиллах хугацаандаа Сэлэнгэ, Орхон голын сав газар, Хөвсгөлийн баруун урд район, Сэлэнгийн эх, Тэсийн голын сав газарт геологи, ашигт малтмалын зураг, геоморфологи, гидрогеологийн тойм зураг зохиож, ховор металл, алт, молибден, зэс, барилгын материалын түүхий эдийн хувьд ихээхэн хэтийн төлөвтэй болохыг тогтоосон байна. Мөн Төв аймгийн Баянгийн талбайн эрлийн ажлыг удирдан ажиллахдаа Цайдам, Нүүрст хонхор, Чулуут, Хөх-өндөр, Холбоо худаг, Цэнхэр гол, Баян-өндөр, Баянцагааны талбайнуудад зэс, цагаантугалга, гянтболд зэрэг ашигт малтмалын хувьд  хэтийн төлөвтэйг илрүүлжээ.

Д.Товуудорж  нь 2001-2010 онуудад  АМХЭГ-д  "Улсын геологийн зураг-200 Баруун Монгол" төслийн удирдагчаар 10 гаруй жил ажиллахдаа Хөвсгөл Булганы серийн легендийг зохиож, 200 000 орчим хавтгай дөрвөлжин км талбайд 5 төрлийн зураг, 36 хавтгайд нийт 180 зураг зохиож, олон боть тоон мэдээллийн санг үүсгэх ажилд биечлэн оролцож байсан манай шилдэг зураглалын геологич, эрдэмтэн, судлаач, тэргүүний ажилтан байлаа.

Д.Товуудоржийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР