Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хүнд үйлдвэрийн салбарын эзлэх хувь, ач холбогдол, бусад салбарт үзүүлэх хүчин зүйлс байнга нэмэгдсээр байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа манай улсын хувьд уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эрс өсөлт бий болгох боломжтой юм. 

Хүнд үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчин

Монгол Улсад 1998 онд Техник, технологийн хууль батлагдсанаас хойш хүнд үйлдвэрийн салбар төрийн захиргааны төв байгууллагын харьяа нэгж хэсэг болох нөхцөл бүрдсэн юм. 2014 онд аж үйлдвэрийн салбарын бие даасан яамтай болсон. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулсан билээ.

Хүнд үйлдвэрийн салбарын хууль эрхзүйн орчин

Хүнд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ

Хүнд үйлдвэрийн бодлогын баримт бичгүүдэд импортыг орлохуйц, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд татварын болоод бусад төрлийн дэмжлэг төрөөс үзүүлэхээр тусгасан билээ. Үүний зэрэгцээ дотоодод үйлдвэрлэж байгаа зэс, төмөр, цемент зэрэг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байлгах хэрэгтэй байна. Манай улсын нийт үйлдвэрлэлийн дийлэнх нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологид суурилсан бөгөөд экспортын бүтээгдэхүүний 81.9%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн, үүнээс 97%-ийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгааг дараах зурагт үзүүлэв.

Экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж хувиар

Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар ДНБ-ий 5%-ийг үйлдвэрлэж байна. Тус салбар дэлхийн эдийн засгийн хямрал, эрдэс баялгийн түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралтаас шууд хамааралтай байна. Үйлдвэржилтийн хөгжлийн эцсийн шатанд хүрсэн Япон, Солонгос, АНУ, Тайвань тэргүүтэй хөгжингүй орнууд өнөөдөр хөгжлийн шинэ үе шат болох инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж явна. Монгол улс хөгжлийн энэхүү өндөрлөгт хүрэхэд нөөц баялаг, боломж хангалттай байгааг эрдэмтэн судлаачид хэлж сануулсаар байна. Монгол улсын бизнесийн орчин хийгээд үйлдвэржилтийн талаар олон улсын байгууллагуудын судалгааны дүн тааруу үзүүлэлттэй гарч байгаа. Үүнийг сайжруулахад төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо туйлаас чухал юм. Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсанаар Монгол Улсын өрсөлдөх чадвар 133 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд нам технологи дөнгөж 5,3%-ийг эзэлж байгаа нь ОХУ-аас 4 дахин, БНХАУ-аас 8 дахин доогуур байна. Хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд нь боловсруулах салбараас бүтээлч соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүртэл өргөн цар хүрээтэй асуудлыг хамарсан юм. Бодлого, шийдвэр хэрэгжсэнээр ДНБ-д үзүүлж байгаа боловсруулах үйлдвэрийн дэмжлэг сайжирч, хүнд үйлдвэрийн салбарын бүтээмж өснө. Мөн боловсруулах үйлдвэрийн ДНБ-д эзлэх хувь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үүнээс уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 29.5 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

Боловсруулах үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, дулаан хангамжийг оролцуулсан аж үйлдвэрийн салбар ДНБ-ий 30 гаруй хувийг эзэлдэг. Энэ хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлж аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, тэр дундаа уул уурхайн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн, технологи шингэсэн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хөгжүүлэх бодлого тодорхой байх ёстой. Тиймээс Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээ, үнэлгээний өргөн цар хүрээтэй ажлыг тогтмол хийж байна.

Хүнд үйлдвэрийн салбар дахь гол нэр төрлийн боловсруулах үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл

Хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргалт

Дунд болон урт хугацааны төрийн тодорхой бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэл идэвхжиж, нийгмийн уур амьсгалд дотоодын бараа бүтээгдэхүүнээ ашиглах, хэрэглэх дадал хэвших хандлага бий болж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн салбарын хэмжээнд 2.3 тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж байгаагаас 3 нь хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа юм. Үндэсний хөрөнгө оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 2015 оны байдлаар 963.1 сая.ам доллар буюу 1.9 их наяд төгрөгт хүрчээ.

Монгол улсын бүтээгдэхүүний гадаад зах зээлийн орчин

Монгол улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээ

Манай улс жил бүр 60-100 үндсэн нэр төрлийн төмөрлөг бүтээгдэхүүн, ган, ширмэн болон өнгөт металлын цувимал, цутгамал эдлэл,үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг, эд ангийг импортоор авч байна. Аж үйлдвэрийн салбарын үндэс суурь болсон төмөрлөгийн үйлдвэрлэлийг дотооддоо үе шаттай хөгжүүлснээр эдгээр олон нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангах бүрэн боломжтой.

Төмөрлөг бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт /2012-2016 он, /мян.тн/ сая.ам.доллар

Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гангийн үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 180,0 гаруй мян.тн боловч хүчин чадлын ашиглалт 50-60%- тай байгаа нь түүхий эдийн хязгаарлагдмал нөөц, техник технологийн түвшний харилцан адилгүй байдал, мэргэжлийн инженер техникийн ажилтны хүрэлцээгүйгээс шалтгаалж байна.

Гангийн үйлдвэрүүдийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл

Урьдчилсан ТЭЗҮ-ээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлууд дээр газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний логистик, зах зээлд ойр байх зэрэг үзүүлэлтээр харьцуулан судалж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Үйлдвэрийн үндсэн технологи, хүчин чадлыг олон улсад газрын тос боловсруулах үйлдвэрт өргөн ашиглагдаж байгаа 5 төрлийн технологиос түүхий тосны шинж чанарт тохирсон байдал, тунгалаг бүтээгдэхүүний гарц, бүтээгдэхүүний стандарт зэргийг тооцоолж сонгохоор төлөвлөсөн.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум ам.доллар байх бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264.5 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийх, жилийн цэвэр ашиг 160 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 8-10 жил байхаар тооцоолж байна.

Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын  шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад дагалдах химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дэлхийн зах зээл дээр 1 баррель түүхий тосны үнэ 40-60 ам.доллар байх үед үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний үнэ 866-1244 төг/л байхаар байна.

Нийгэм, эдийн засгийн үр ашиг

  • Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллараар буурч, энэ хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэнэ.
  • Валютын гадагшаа урсгал 20 орчим хувиар буурч, ам.долларын ханш 18-25 хувиар буурна. 
  • Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрүүлнэ.
  • 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болно.
  • Үйлдвэрийг дагаж нийт 30 төрлийн будаг, автомашины дугуй, резинен эдлэл, хуванцар, хими- цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн үйлдвэрүүд байгуулагдана.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдэгдэхээр болсон.

Нүүрс боловсруулах үйлдвэр

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх үйлдвэр байгуулахаар нийт 5 төсөл техник эдийн засгийн үнэлгээ боловсруулан, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Эдгээр үйлдвэрийг түүхий эд, дэд бүтэц, бэлэн бүтээгдэхүүний логистик, зах зээл ойр байх зэрэг үзүүлэлтэд түшиглэн Дорнод аймгийн Адуунчулуу нүүрсний уурхай, Төв аймгийн Төгрөг нуурын нүүрсний орд, Багануурын нүүрсний уурхай зэрэгт түшиглэн Монгол Улсын төв болон зүүн аймгийн нутгуудад байгуулахаар сонгосон байна. 

Үйлдвэрүүдийн үндсэн технологи, хүчин чадлыг олон улсад нүүрс хийжүүлэх шингэрүүлэх, боловсруулах үйлдвэрт өргөн ашиглаж байгаа Фишер-Трофшийн арга, “Бергиус” технологи, SRC-I, SRC-II зэрэг технологиос нүүрсний шинж чанарт тохирох байдал, бүтээгдэхүүний гарц, бүтээгдэхүүний стандарт зэргийг тооцоолон сонгохоор төлөвлөсөн.

Эдгээр үйлдвэрт 1,1-2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Жилд дунджаар 2,5-6 сая тонн нүүрс боловсруулж, 0,4-1,2 сая тонн хөдөлгүүрийн түлш, 50-100 мянган тонн шингэрүүлсэн хий, 200-300 МВт цахилгаан бусад дагалдах бүтээгдэхүүн боловсруулан гаргахаар төлөвлөөд байна. Хөрөнгө оруулалт эргэн төлөгдөх хугацааг 8-15 жил байхаар тусгажээ.

Нийгэм, эдийн засгийн үр ашиг

  • ДНБ-ийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлж, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлнэ.
  • Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн автобензин, дизель түлш, хийн импорт 1-1,5 тэрбум ам.доллараар буурч, энэ хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэнэ.
  • Валютын гарах урсгал 15-20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хувиар буурна. 
  • Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150-300 сая ам.доллар төвлөрүүлнэ.
  • 400-1000 шууд ажлын байр, 1000-1500 шууд бус ажлын байр шинээр бий болгоно.

Хар төмөрлөгийн үйлдвэр

“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-ийн зорилго нь Төрөөс эрдэс баялаг, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогуудад тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлж, өндөр чанарын ган, тусгай зориулалтын хайлш бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үндэсний экспортыг дэмжихэд оршино. Хөтөлбөр нь төмрийн хүдэр, ганг чанаржуулагч элементүүд (манган, хромын хүдэр), галд тэсвэртэй материалуудыг эрж хайх, олборлох, баяжуулах, төмрийн төрөл бүрийн бэлдэц, тусгай зориулалтын хайлш (төмөрт цахиур, төмөрт хром, төмөрт гянтболд, төмөрт молибден, төмөрт титан, төмөрт ванади), өндөр чанарын ган, металлургийн кокс үйлдвэрлэх, жонш, шохой, нийлэг хий, хүчилтөрөгчийн нийлүүлэлт, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн усны хангамж, тээвэр логистик, бүтээгдэхүүний маркетинг, төрийн худалдан авалт зэрэг салбарын хүрээнд үйлчилнэ. 

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр 6 зорилт дэвшүүлж, зорилт бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэж, төмөрлөг бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь, хэмжээ өсч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, худалдааны эргэлт сайжирч, экспортын зах зээл өргөжинө. Мөн стандарт, гарал үүсэл хангасан бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, өрсөлдөх чадвар өсч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байршилд зохистой төвлөрүүлэх, эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэж, олон улсын стандартын шаардлага хангасан, өндөр чанарын ган, тусгай зориулалтын хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох эхлэл тавигдана. Мөн төмөр боловсруулах, машин тоног төхөөрөмж, хийцийн үйлдвэрүүд байгуулагдаж, нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, aжилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ хэрэгжсэнээр инженер, техникийн өндөр мэргэжлийн ажилтнууд эх орныхоо үйлдвэрүүдэд ажиллах нөхцөл сайжирч, бүтээмж нэмэгдэнэ.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 273 дугаар тушаалаар  байгуулагдсан “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороо ажиллаж, тендерийн үнэлгээ хийгдсэн. “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах төсөл”-ийн ТЭЗҮ- ийг боловсруулах зөвлөхийн тендерт Канад улсын HATCH компани шалгарч, Аж үйлдвэрийн яам, Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн нэгжтэй 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гурвалсан гэрээ (Contract No. MB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.3 (c) 2015) байгуулсан. “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах Зөвлөх компаниар “Экотон” ХХК шалгарч, Аж үйлдвэрийн яам, Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн нэгжтэй 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гурвалсан гэрээ (Contract No. MB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.3 (d) 2015) байгуулж, ажлаа эхлүүлээд байна. 

“Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг 2017 онд УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газар хүлээн авна.

Уул уурхай, металлургийн цогцолбор

“Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК дараах бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВ-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 16 МВА чадалтай Төмөртэйн дэд станцыг барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгч, бүрэн ашиглалтад оруулав. (2012-2014 он)
  2. Төмөртэйн уурхайд 750 тн/цаг хүчин чадалтай хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг угсарч, бүрэн ашиглалтад оруулав. (2014 он) 
  3. Төмөртэйн уурхайн Зүүний зүүн биет дээр ил уурхайн бэлтгэл ажлыг хангаж, уурхайд шаардлагатай машин механизм, техник хэрэгсэл худалдан авч, Зүүний зүүн уурхайг 2014 онд шинээр нээн, хөрс хуулалтыг эхлүүлэв. 
  4. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өөрийн 45 МВА Төмөрлөг дэд станцыг 10 МВА дэд станцаар өргөтгөх ажлыг хийж дуусгав. (2013-2014 он) 
  5. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших Хандгайт өртөөн дэх жилд 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал ачиж тээвэрлэх Хандгайт терминалыг байгуулж ашиглалтад оруулав. (2014 он) 
  6. Жилд 1 сая тн хүдэр боловсруулж, 700 мян.тн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг хаягдлын байгууламжийн хамт ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөв. (2013-2014 он) 
  7. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр жилд 2 сая тн баяжмал ачих хүчин чадалтай төмөр замын терминал барьж ашиглалтад оруулав. (2014 он) 
  8. Төмөртолгойн уурхайд 500 тн/цаг хүчин чадалтай 2 дахь хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг угсарч дуусган, улсын комисст хүлээлгэн өгөв. (2014 он) 
  9. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дулаанханы 4 замын уулзвар хүртэлх 104.5 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлж, замын далан байгуулах ажлуудыг гүйцэтгээд байна (2015 он) 
  10. 2015 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн төмөр зам, жилд 2.5-8 сая тн төмрийн хүдрийн баяжмал ачиж тээвэрлэх Төмөртэйн терминал, иж бүрэн өртөөний бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өөв. (2014-2015 он)

“Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд дээрх бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 300 сая орчим ам долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл

УИХ-ын 2015 оны “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” 247 дугаар тогтоолын “Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх” тухай заалт, УИХ-ын 2010 оны “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зэс хайлуулах үйлдвэр” байгуулах тухай зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 229 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн 14.17 дугаар заалт, Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолын “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалт ”-ын 3 дугаар заалт зэрэгт тусгагдсан. 

“Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн захиалгаар БНХАУ-ын “Volant Industry“ компани болон Өнгөт металлургийн үйлдвэрийн зураг төслийн институт /ENFI/-ын боловсруулсан “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн аваад байна. 

Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулах тухай” 247 дугаар тогтоолыг батлуулж, тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134 тоот тушаал гарч, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдсан. Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх олгох тухай” 318 дугаар тогтоолыг баталсан болно. 

Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Төслийн нэгж байгуулах тухай” 107 дугаар тогтоолын дагуу төслийн нэгжийн төсөв, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Зэсийн баяжмал хайлах болон конвертерийн SKS зуух. 

SKS зэсийн баяжмал хайлах болон конвертерийн зуух нь хэвтээ цилиндр хэлбэртэй, түүнийг эргүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон, хүчилтөрөгчөөр баяжуулсан агаарыг хайлах зуухны дороос хэд хэдэн хэсгээр хайлмал материалд шууд өгөх хоолой бүхий галд тэсвэртэй материалаар доторлосон, хэсэгчилсэн хөргөлтийн системтэй зуух юм.

Хүнд үйлдвэрийн салбарт төмөрлөг, газрын тос хий, нүүрс хими болон зарим барилгын материалын чиглэлийн үйлдвэрүүд хамрагдаж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа нийт хүнд үйлдвэрүүдийн 66% нь төмөрлөгийн, 14% нь барилгын материалын, 14% нь нүүрс химийн, 6% нь газрын тос хийн үйлдвэрүүд байна.   2016 онд хүнд үйлдвэрийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүчин чадлын ашиглалтын байдлыг хүснэгтээр үзүүлэв. Үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын дундаж ашиглалт 40%  байна.

2017 онд төмөрлөг, газрын тос боловсруулах, нүүрс химийн томоохон төслүүдийг дэмжиж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Бүтээгдэхүүний нэр

Суурилагдсан хүчин чадал

Үйлдвэрлэсэн тоо, хэмжээ

1

Дизель түлш

33500 тн.жил

32000 тн /2016/

2

Автобензин

20600 тн.жил

26000 тн /2016/

3

Цемент

5.3 сая тн.жил

1.4 сая тн.жил

4

Ган бөмбөлөг

387.1 мян.тн

141.0 мян.тн

5

Зэсийн баяжмал

12.0 мян.тн

10.8 мян.тн

6

Зэс кабель утас

4680.0 мян.м

2574.0 мян.м

7

Азот, фосфор, гумины бордоо

200 тн

120 тн

8

Шахмал түлш

5900 тн

2252 тн

9

Хүхрийн хүчил

60.0 мян.тн

9.0 мян.тн

10

Резин бүтээгдэхүүн

460 тн

133 тн

11

Будаг

3.8 сая.тн

190.0 мян.тн

12

Автобус, цах.машин

120 ш

36 ш

13

Автомашины эд анги

1860.0 мян.ш

1860.0 мян. Ш

14

Мотоцикль хагас угсрах

700 ш

700 ш

15

Мотоцикль эд анги обуд

30.0 мян.ш

9.0 мян ш

16

Тоног төхөөрөмж/ХАА, хүнд даац, бага овор/

70 ш

3 ш

17

Авто чиргүүл

40 ш

4 ш

18

Агаар шүүгч

810.0 мян.ш

81.0 мян.ш

19

Зуух, пийшин

1320 ш

924 ш

20

Цахилгаан болон хөнгөн цагаан тогоо

27000 ш

22950 ш

21

Нийтийн хоолны тоног төхөөрөмж

240

240

22

Төмөр торон хашаа

144.0 мян.м

14.4 мян.м

23

Гэрлийн шон

1500 ш

225 ш

24

Металл хийц, эдлэл

4500 тн

1250 тн