Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц:

Ашигт малтмалын тухай хуулийн (АМТХ) Гуравдугаар бүлэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг дараахь журмын дагуу олгоно:

  1. Өргөдөл гаргах – Ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэй хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд өргөдлөө Ашигт малтмал газарт (АМТГ) шаардлагатай хавсралт материалын хамт өгнө. Шаардлагатай материалд өргөдөл гаргагчийн нэр, холбоо барих утасны дугаар, аж ахуйн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хайгуул хийх талбайн газрын зураг, төлбөрийн баримт, боловсон хүчний чадавхийн тодорхойлолт , ажлын төлөвлөгөө зэрэг багтана. (18.2-р зүйл)
  2. Өргөдлийг хянаж үзэх – Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар өргөдлийг хүлээж аван бүртгэж, хайгуул хийх талбайн өнцгийн координатуудыг шалгана. Хайгуул хийх талбай нь улсын тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбай болон хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн цогцолбор газартай давхцаж болохгүй. (6-р хайрцгийг үзнэ үү) Хайгуул хийх талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. Хэрэв АМТГ нь өргөдөл гаргагч бүх шаардлагыг хангаж байгаа хэмээн үзэж байгаа бол зөвшөөрлийн нөхцлийг болон хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурьдсан талбайтай давхцсан, үгүйг өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж АМТХ-д заасан байдаг. (19.2-р зүйл)
  3. Орон нутагт мэдэгдэх – Хуулийн дагуу, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд АМТГ нь энэ талаар тухайн хайгуул явагдах аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон төлөвлөгдсөн талбайн зургийг хавсаргана. (19.3-р зүйл)
  4. Иргэдийн оролцоо – Аймаг, сум, нийслэлийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох шатны ИТХ-аас саналыг нь авна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор АМТГ-тхариу өгөх бөгөөд 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол тухайн тусгай зөвшөөрлийг олгоно. 30 хоногийн дотор иргэд эрхийнхээ дагуу ИТХ–аараа дамжуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, төлөвлөгдсөн уул уурхайн үйл ажиллагаа нь аймаг, сум, багийн байгаль хамгаалах төлөвлөгөөтэй хэрхэн хамааралтай байгаа талаар болон 2-р бүлэгт өгүүлсэн асуултуудыг асууж лавлаж болно.Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. (19.4-19.5-р зүйл)
  5. Эцсийн шийдвэр – Аймаг, нийслэлийн засаг дарга дэмжсэн шийдвэр гаргасан бол АМТГ өргөдөл гаргагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэрийг гаргана. (19.6-р зүйл)
  6. Тусгай зөвшөөрөл хүлээн авагчийн хийх төлбөр – Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг зөвшөөрөл хүсэгч ажлын 10 өдөрт багтаан төлнө. (Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай Хавсралт 1–ээс харна уу). Хэрэв өргөдөл гаргагч эхний жилийн төлбөрийг хуулинд заасан хугацаанд хийгээгүй бол өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. Эхний жилийн төлбөрөө хугацаанд нь хийсэн тохиолдолд АМТГ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгоно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр.

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх материал:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл (маягт К-1)
  2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4)
  3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь
  5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь
  6. Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх албан ёсны мэдээлэл
  7. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албанд)
  8. Хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл

Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл (маягт К-6)
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.2 дах заалтад заасан тохиолдолд үүссэнийг нотолсон нотолгоо
  3. Шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
  4. Шилжүүлж байгаа болон үлдэж байгаа талбайн тодорхойлолт (маягт К-10)
  5. Шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  6. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг; (маягт К-7)
  7. Үйлчилгээний хөлс төлсөн баримт. /төлбөрийн баримтын эх хувь/
  8. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлж байсан талаарх баримт
  9. Байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг АМТ хуулийн 38.1.8-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт;
  10. Талбайн булангийн цэгүүдийн солбилцол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх материал:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл (маягт К-11)
  2. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, (эх хувь)
  3. Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн болон Хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт (хавсралтанд баримтжаагүй бол төлбөрийн баримт тус бүрийн эх хувь)
  4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт
  5. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт
  6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/